“Хайрцаг дүүрэн хайр” эзэддээ хүрэхэд бэлэн болжээ

Нийтэлсэн өдөр: 2018.02.22, пүрэв

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн зураглалаас харахад 2018 оны 2-дугаар сарын 10-ны байдлаар Монгол улсын хэмжээнд 16 аймгийн 76 сумын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай, 17 аймгийн 52 сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.

 Өвөлжилт хүндэрсний улмаас зудын эрсдэлд өртөх магадлалтай орон нутгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн баг, Нийслэлийн Боловсролын газартай хамтран “Хайрцаг дүүрэн хайр” сайн үйлсийн аянг зохион байгуулсан билээ. Энэхүү аяныг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг хүмүүнлэгийн аянд уриалан оролцуулах зорилгоор зохион байгуулсан. Энэ нь хүүхэд залуус, өсвөр үеийнхэнд хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, бусдад сайн санааны дэмжлэг өгөхөд сургах, зуданд нэрвэгдсэн малчдад дэмжлэг туслалцаа хүргэх зорилготой юм. Аянд нийслэл хотноо үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд оролцож, хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ. Нийслэлийн дунд шатны Улаан загалмайн хороод болон дүүргүүдийн боловсролын хэлтсүүд хамтран зохион байгуулсан аяны үйл ажиллагаа 2018 оны 2-дугаар сарын 01-нээс 21-ний өдрийг хүртэл явагдсан юм. Аяны хүрээнд цугларсан тусламжийн эд зүйлсийг 2018 оны 2-дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд хүлээлгэн өгч байна. Хандивын аяны үйл явцын талаарх нэгдсэн мэдээллийг 2018 оны 2-дугаар сарын 26-нд олноо танилцуулж, малчдад хүргэхээр хуваарилах юм. Тусламжийн эд зүйлсэд малчдад хэрэгцээтэй ахуйн болон соёлын бараа, хүнсний хэрэглээний зүйлс, малын хэрэгцээнд ашиглах нэмнээ, элгэвч, төлийн уут, малын тэжээл тэргүүтэн багтаж байгаа. Монголчууд “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”, “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэсэн үзэлтэй нигүүлсэнгүй ард түмэн билээ. Тийм ч учраас хүүхэд, багачууд гэлтгүй хүмүүнлэгийн аянд нэгдэж боломжийнхоо хирээр малчин түмэндээ сэтгэлийн цацал өргөж байгаа нь бахархууштай юм.