Төлөөлөгчид ОБЕГ-т зочиллоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллер, ОУУЗУХС нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн орнуудыг дэмжих багийн дарга Гвиндолинг Панг нар 1дүгээр сарын 29-өөс 2дугаар сарын 1-ний өдрийн хооронд манай улсад зочилж, Монгол улсын засгийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж төсөл, хөтөлбөрийн ажлын явцтай танилцсан юм.

Энэхүү айлчлалынхаа үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нартай уулзсан юм.

Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа уулзалтын үеэр энэ оны 7-р сард зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад ОУУЗУХСН-ийн холбоо болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн хувь нэмэр чухал болохыг онцоллоо. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, зорилтот бүлэгт хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажилладагт талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Ноён Мартин Фаллер уулзалтыг үеэр, Монголын Улаан загалмай нийгэмлэг энэ жил “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эрсдэл болохоос урьдчилан сэргийлэх тусламжийг хүргэн ажиллаж байгаа нь Азидаа анхдагч байгууллага болж байгааг онцолсон юм.

Хоёр тал цаашид зөвхөн зудын гамшиг гэлтгүй Монгол оронд дийлэнх тохиолддог үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байгаагаа илэрхийлэв.