Хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар суралцаж байна

Нийтэлсэн өдөр: 2017.10.16, даваа

       ОУУЗУХСНХ ба Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгийн санхүүжилттэй “Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ үзүүлэх” төслийг МУЗН хэрэгжүүлж байгаа билээ.Төслийн хүрээнд сайн дурынханд зориулсан сургалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна. Сургалтад Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-уул, Сүхбаатар Сонгинохайрхан,Багануур, Багахангай , Налайх дүүргийн  Улаан загалмай хороодын дарга, арга зүйч нар,  Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинорхайрхан  дүүргүүдийн ИТХ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнүүд, Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын төлөөлөл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэнүүд, Гэр бүл хүүхэд залуучууд хариуцсан мэргэжилтэнүүд  оролцож байна.

       Энэхүү сургалтаар  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ авах модулийг заах чадвартай болох, охид,  хөвгүүд, эмэгтэйчүүд ба эрчүүдийн хүчирхийллийн талаар мэдээлэлтэй болж,  бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны, жендерийн ялгаанаас үүссэн, үл хайхрах, өөртөө чиглэсэн хүчирхийллийн гол хүчин зүйлсийг тодорхойлох, хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлд орж болох хүн амыг нас хүйсээр нь тодорхойлох, хүчирхийллийг урьдчилан таамаглах ба сэргийлэх боломжтой гэдгийг ойлгох талаар хичээл заах ажээ. Мөн  гамшгийн үед орон нутгийн хувь хүн ба олон нийтийг хүчирхийллээс хамгаалах ба урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох, хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх ба тэднийг бусад байгууллагатай холбох талаар ойлголттой болох юм.

       Сургалтыг  МУЗН-ийн  Халамжийн хөтөлбөрийн багийн ахлагч Б. Оюу,  Хууль зүйн яамны бодлогын зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д. Саруул, Замын цагдаагийн албаны хошууч Ж. Энхбат,  Гэр бүлийн хөгжлийн газрын дарга  Н. Өлзийнхутаг, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын мэргэжилтэн Х. Дашхорлоо нар удирдан явуулж байна.