“Кувейт хотхон” барих төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

Нийтэлсэн өдөр: 2017.04.12, лхагва

“Кувейт хотхон” барих төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

 

      Кувейт улсын Засгийн газраас 274,835 ам. долларын санхүүжилттэй “Кувейт хотхон” барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслөөр 2016 оны 7 дугаар сарын 10-нд Баян-Өлгий аймагт болсон үерийн улмаас орон гэргүй болсон 35 иргэнд байшин барьж өгөх юм. Төслөөр 35 байшин, хүүхдийн тоглоомын талбай, бие засах газар, нийтийн халуун усны газар, худаг, явган зам, гадаах гэрэлтүүлэг, сүм зэргийг барьж байгуулна. Тиймээс эдгээр барилга байгууламжийг барих тэндерийг МУЗН-ээс зарлаж, шаардлага хангасан компаниудыг сонгон шалгаруулсан юм. Тэндерийг шалгаруулахдаа орон нутгийн аж ахуйн нэгжийн оролцоог хангахыг чухалчилж, Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниудыг түлхүү оролцуулсан. Тухайлбал, “Мурап” компани сүм , ”Елт констракшин” компани халуун усны газар болон худаг, “Интерренессанс”, “Нар мартан”, “Коркем” компаниуд 35 байшинг барихаар шалгарсан юм. Эдгээр компанийн удирдлагуудтай гэрээ байгуулах үйл ажиллагаа МУЗН-т боллоо.

      Гэрээ байгуулах үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А. Гылымхан болон барилгын хяналт үнэлгээг хийх албан тушаалтнууд байлцав. Эдгээр компаниуд богино хугацаанд чанартай хотхон барих итгэлийг хүлээлгэж, төлбөрийн нөхцөлийг уян хатан зохицуулсан юм.