МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн өдөр: 2017.02.23, пүрэв

Монголын улаан загалмай нийгэмлэгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй, санаачилгатай ажиллаж байгаа Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны гишүүд, Төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага,  Дунд болон анхан шатны хорооны Тэргүүн, Дарга, ажилтан, Сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчид болон бидний Түнш бүх хүмүүст  чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Бид улиран одож буй “Бичин жил”-дээ

Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурал баталснаар Үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчин бүрдэж, Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын статус баталгаажсан;

 

  • Монгол улсын Засгийн газраас “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ” тогтоол гаргаж,  хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, 2017 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэсэн; 

 

  • Монгол улсын Засгийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулсан;

 

  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулган хуралдаж, өнгөрсөн 2 жилийн үйл ажиллагааг сайшааж, Үндэсний нийгэмлэгийн 2020 он хүртэлх Стратеги болон Дүрмийг шинэчлэн баталсан; 

 

  • Хүмүүнлэгийн дипломат харилцааг өргөжүүлсэн, Олон улсын Улаан Загалмайн хороо, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Олон улсын Хороотой  үйл ажиллагаагаа уялдуулж, идэвхтэй хамтран ажилласан;

 

  • Нөөцийн менежментийн системд 30 дунд шатны хороо бүрэн хамрагдаж, гишүүдийн болон Сайн дурын идэвхтний бүртгэл сайжирч, 5886 сайн дурын идэвхтэн шинээр бүртгэгдэж,  гишүүнчлэлийн тоо 11502-оор нэмэгдсэн;

 

  • Зүүн Азийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан;

 

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Британи, Австрали, Финляндын Улаан загалмай нийгэмлэг, Европын холбоо \\ECHO\\, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, нийгмийн халамжийн хүрээнд Британийн Улаан загалмай нийгэмлэг, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хүн амыг БЗДХ\\ХДХВ-ын халдвараас сэргийлэх талаар НҮБ-ын Хүн амын сантай, Ус эрүүл ахуйн  чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа хөгжүүлэв. Төслийн үр дүнд  нийт 414739 хүнд шууд, 518747 хүнд шууд бусаар хүрч ажилласан;

 

  • 2016 онд зудын эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран нийт 5400 малчин өрхийн 21600 хүнд шууд хүрч 1,6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө болон хүнсний тусламжийг үзүүлсэн;

 

  • МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын санхүүгийн менежментийг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангасан байна.

Айлчлан ирж буй  “Тахиа жил”-дээ Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулиа хэрэгжүүлэх, Төр-улаан загалмайн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, Гамшиг ослоос урьдчилан сэргийлж, Зудын эрсдэлийг даван туулах, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлгийн иргэддээ хүргэх, Хүүхэд, залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөнийг бэхжүүлэхэд Та бүхнийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

 

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

Н.ЭНХБОЛД