Зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг дэмжиж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн өдөр: 2017.02.21, мягмар

     Зудад нэрвэгдсэн малчдад туслах урилгыг дэмжиж, өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Даваажаргал, ОУУЗУХСНХ-ны Ази Номхон далайн бүсийн гамшигтай тэмцэх багийн гишүүн  Фароок Рахмаан, Дэлхийн мал амьтан хамгаалах байгууллагын төлөөлөгч Ц. Батсайхан нар оролцлоо.

     Н.Энхболд энэ жилийн малчдад үзүүлэх олон улсын хүмүүнлэгийн тусламжийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа.  Тэрбээр хэлэхдээ, Өнгөрсөн оны 2016  оны 11 дүгээр сараас эхлэн 17 аймгийн 156 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэн шаардлагатай болоод байна. Зуданд нэрвэгдсэн бүс нутагт 157,000 иргэд амьдарч байна.  Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран зудын нөхцөл байдалд буй малчдад туслах олон улсын уриалгыг гаргаж, 655,500 щвейцар франк цуглуулах, хөрөнгө босгох ажлыг эхлүүллээ.  Малчдад зөвхөн нэг удаагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр бид үйл ажиллагаагаа хязгаарлахгүй бөгөөд ирэх 6-аас 9 дүгээр сард малчдын дунд зудаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр малчдын уулзалт зөвлөгөөн, сургалт зохион байгуулж, хадлан тэжээлээ бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна гэлээ. Монголын улаан загалмай нийгэмлэг нь малчдын гамшгийн эрсдэлийг даван  туулах чадварыг дээшлүүлэх, тогтвортой амьжиргааг дэмжих урт хугацааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэв. Гамшгийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Даваажаргал энэ жилийн тусламжийн талаар мэдээлэл хийв. МУЗН хүмүүнлэгийн тусламжийг хоёр үе шаттай зохион байгуулах юм. Эхний  шатанд хүмүүнлэгийн тусламжийг  өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 55 сумын 1,740 өрхөд үзүүлнэ.

     2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1,740 өрхөд хүмүүнлэгийн тусламжийг шуурхай хүргэх бөгөөд нэг малчин өрхөд 100 ам.доллартай тэнцэх 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг “Хаан” банкаар дамжуулж олгоно.  Мөн эрүүл мэндийн анхны тусламжийн багцыг малчин өрхөд олгохоор боллоо.

Эхний шатны хүмүүнлэгийн тусламжийг түгээхэд Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны  Гамшгийн үеийн яаралтай тусламж үзүүлэх сангаас 160,000 швейцар франк,  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 100,000 ам. доллар зарцуулж байна.           

 

Харин хоёр дахь  шатны хүмүүнлэгийн тусламжийг 2017 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн 7 аймгийн 54 сумын 1,740 өрхөд үзүүлнэ. Энэхүү тусламжид:

  • • Төв аймгийн 11 сумын 455 өрх
  • • Өвөрхангай аймгийн 8 сумын  280 өрх
  • • Дархан-Уул аймгийн 4 сумын 140 өрх
  • • Орхон аймгийн 2 сумын 70 өрх
  • • Хэнтий аймгийн 11 сумын 275 өрх
  • • Дорнод аймгийн 11 сумын 280 өрх
  • • Сэлэнгэ аймгийн 8 сумын 240 өрх тус тус хамрагдаж байна.

Дээрх 7 аймгийн 54 сумын 1,740 өрхөд  100 ам. доллартай тэнцэх 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлнэ.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчны хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг олгох сургалтыг зохион байгуулна.

Монголын улаан загалмай нийгэмлэг,  Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зохион байгуулж буй хүмүүнлэгийн тусламжийг 12 аймгийн 109 сумын 3,480 өрхийн 11,300 хүнд хүргэхээр төлөвлөж байна.

Хүмүүнлэгийн тусламжийг 200-аас доош малтай дараах шалгуурын аль нэг үзүүлэлтийг хангасан малчин өрхөд олгоно:

  • • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
  • • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
  • • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх
  • • 16  хүртэлх  насны олон хүүхэдтэй малчин өрх.

Хүмүүнлэгийн тусламжийн талаарх санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор “Жи-мобайл” үүрэн холбооны компанийн 98-106-106 дугаарын утасыг 24 цагийн турш ажиллуулах юм.

     ОУУЗУХСНХ-ны Ази Номхон далайн бүсийн гамшигтай тэмцэх багийн гишүүн  Фароок Рахмаан өнгөрсөн жилийн хүмүүнлэгийн тусламжийн үр дүнгийн талаар мэдээллээ. Тэрбээр,  МУЗН өнгөрсөн жилийн хүмүүнлэгийн тусламжид тэрбээр дүн шинжилгээ хийж, энэ жилийн олон улсын уриалгыг дэмжиж ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жилийн тусламжийн үр дүн, ач холбогдол сайн үнэлгээтэй буй учраас энэ жилийн уриалгыг дэмжигдэж, хөрөнгө босгох үйл ажиллагаа сайн явагдаж буй тухай хэлж байв.

Мөн Дэлхийн мал амьтан хамгаалах байгууллагын төлөөлөгч Ц. Батсайхан нэг малчин өрхөд 22 кг-тай тэнцэх малын эрдсийн долооц, загасны тос, малын туурайнд түрхэх тосон түрхлэг зэрэг малын эмчилгээний багцын тусламж үзүүлэх тухай мэдээллээ.