Шадар сайд У.Хүрэлсүх болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид зүүн гурван аймагт ажиллалаа

Нийтэлсэн өдөр: 2017.01.24, мягмар

     Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Монголын улаан загалмай нийгэмлэг бусад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид  зүүн гурван аймагт ажиллаад ирлээ. Өөрөөр хэлбэл, олон улсын хүмүүнлэгийг байгууллагуудын төлөөлөгчид өвөлжилт хүндэрсэн аймгийн сумд, малчны хотонд хүрч газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан нь чухал ач холбогдолтой байв. Шадар сайд У. Хүрэлсүх  төр, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнд нь  МУЗН болон НҮБ-ын  хөгжлийн хөтөлбөр багтсан юм.  

     Зүүн аймгуудын өвөлжилт хүндэрсэн сум болон малчин өрхүүдээр хоёр багт хуваагдан 5 өдөр явлаа. Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баг  Хэнтий аймгийн бусад  сумд болон Дорнод, Сүхбаатар аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдаар ажиллалаа.

Харин Шадар сайдын зөвлөх Л.Саянаагаар ахлуулсан баг Хэнтий аймгийн Бэрх тосгон, Батноров, Баян-Адарга, Норовлин сум,  Дорнод аймгийн Баян-Уул, Баянтүмэн сумдын 20 гаруй малчин өрхөөр орлоо.

     Эдгээр аймагт цас эрт орж, өнөөдрийн байдлаар зарим сумдад цасны зузаан 30 см дээш байна. Мөн зун бороо хур бага орж, гандуу байснаас ихэнх айлууд өвс тэжээл сайн базааж чадаагүй байна. Өвөлжилт хүндэрсэн сумын малчин өрхүүд хүндхэн өвөл, хавартай золгох нь тодорхой байна.  Ихэнх айлуудын базаасан өвс, тэжээл  цагаан сар хүргэх үгүйтэй ажээ. Түүнээс цааш байдал хүндрэх тул малчид тусламжийн гараа сунгахыг хүсч байсан.

     Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвд Онцгой комиссын  шуурхай хуралдааныг зарлан хуралдуулж, тухайн аймгийн өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй бэрхшээл, шийдэх асуудал зэргийг хэлэлцэн ярилцав. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай сумдыг тодорхойлж, ямар тусламжийг үзүүлэх боломж бололцоог тодорхойллоо. Ялангуяа олон улсын байгууллагуудын удирдах, шийдвэр гаргах албан тушаалтнууд эдгээр аймагт хамт ажилласан учраас нөхцөл байдлыг газар дээр нь сонсож, мэдэрч чадсан юм.  Л.Саянаагаар ахлуулсан олон улсын хүмүүнлэгийн баг дараахь бүрэлдэхүүнээр ажиллаа.

  1. 1. Б.Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа
  2. 2. Б.Мягмардорж, ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч
  3. 3. Я.Болд-Эрдэнэ, Гадаад хэргийн яамны орчуулгын албаны дарга
  4. 4. Жесс Гарана, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт хариуцсан зөвлөх
  5. 5. Б.Шинэтөгс, НҮБ-ын Хүн амын сангийн зайн оношлогоо, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан зөвлөх
  6. 6. Д.Батзаяа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч
  7. 7. А.Мөнхтуул, Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн менежментийн багийн ажилтан
  8. 8. Э.Энхтайван- Монголын улаан загалмай нийгэмлэгийн Аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан
  9. 9. Квентин Мороу, БНЧех Улсын People In Need байгууллагын Монгол дах салбарын захирал 
  10. 10. Александр Балсон, Каритас Чех байгууллагын Монгол дах салбарын захирал

Мөн Шадар сайд У.Хүрэлсүх дээр гурван аймгийн хэд хэдэн сумдад түргэн тусламжийн машин, өвс тэжээл болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн тусламжийг түгээж явсан юм.