Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдыг дахин сонголоо

Нийтэлсэн өдөр: 2016.10.25, мягмар

 

       МУЗН-ийн Үндэсний чуулган өнгөрсөн 14-15-ны өдрүүдэд боллоо. Чуулганд монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 100 гаруй улаан загалмайчид хүрэлцэн ирсэн байна.

       Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн нийгэмлэгийн дүрэмд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах, Стратегийн хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлоход Үндэсний Чуулганы зорилго чиглэлээ.

 

 

       Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдал шинэчлэгдснээр Үндэсний хүмүүнлэгийн байгууллага хэмээн статус хуулиар баталгаажиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд  төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүрэг тодорхой болсон юм.

     Тиймээс Улаан загалмайн үйл ажиллагааг тогтвортой, нээлттэй байж, цар хүрээг тэлэх зорилгоор дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг хийж баталлаа. Тухайлбал, хоёр жил тутам зохион байгуулагддаг байсан Үндэсний чуулганыг 4 жилээр уртасгаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг мөн хугацаагаар сунгалаа.

 

 

       “МУЗН-ийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод тайлагнана гэж нэмж тусгасан байна. Мөн МУЗН-ийн бие даасан, хараат бус байдлыг хангахын тулд Дунд шатны хорооны  даргыг Ерөнхий нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын зарчим баримталж, шууд томилж байхаар, Дунд шатны хорооны дарга нь Анхан шатны хорооны нарийн бичгийн даргыг шууд томилохоор өөрчлөлт хийжээ.

 

 

       Дараагийн нэг чухал заалт бол  МУЗН-ийн гүйцэтгэх удирдлага болон Ерөнхий нарийн бичгийн даргын газар, Дунд болон анхан шатны хорооны ажилтнууд төвийг сахих зарчим баримталж, аль нэг улс төрийн нам, эвсэл, түүний дэргэдэх байгууллагад гишүүнчлэлгүй байх болон шашны урсгал, хөдөлгөөнд зохион байгуулалттай оролцох, үзэл бодлоо албан ёсоор олон нийтэд илэрхийлэхийг хориглох тухай нэмсэн байна.

 

 

       Өнгөрсөн хугацаанд   2020 он хүртэлх  Стратегийг хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа ололт, амжилт, сургамжид тулгуурлан, дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтууд, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны үйл ажиллагааны Тэргүүлэх чиглэлтэй уялдуулан МУЗН-ийн Стратеги төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол  хийх шаардлага бий болжээ.

 

 

       Тиймээс стратегийн зорилтуудыг үндсэн хөтөлбөрүүдийн хүрэх үр дүнд тулгуурлан өөрчлөлт хийв. Турхайлбал, гамшигт өртсөн олон нийт нь амьжиргаагаа нөхөн сэргээх, сайжруулах чадавхитай болгох зэрэг 5 зорилтыг өөрчлөн тодотгожээ. Нийгмийн халамжийн чиглэлээр Зорилтот бүлгийн хүн амыг амьдрах ухааны болон мэргэшүүлэх сургалтад хамруулж, ажлын байранд зуучлах, нэн ядуу, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжиж, амьдралын наад захын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

 

Мөн МУЗН-ийн Удирдах зөвлөл, дүрмийн болон санхүүгийн хороодыг гишүүдийг сонгосон юм.