МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төв нээлтээ хийв

Нийтэлсэн өдөр: 2016.10.06, пүрэв

       МУЗН-ийн  Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв зуслан  нээлтээ хийлээ. Цонжинболдогоос баруун хойш зүгт 6 км байрлах энэхүү төвд  БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэг голлох хөрөнгө оруулалтыг хийж, Япон, Нидерландийн Улаан загалмай, Олон Улсын Улаан Загалмайн хороо туслалцаа үзүүлсэн юм.

       Өнгөрсөн хугацаанд гал тогоо болон үйл ажиллагаа зохион байгуулах төв танхимтай байшин барьж,  25 шинэ гэр, цэвэр модон дүнзэн байшингууд барьсан байна. Энэ бүхний сантехник, халаалт, ус цахилгааны  асуудлыг бүрэн шийджээ. Мөн гаднах талбайн тохижилтыг эхлүүллээ.

       Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв зуслангийн нээлтэд МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд,  БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Сун Жо Ким болон ОУУЗУХСНХ-ны Ази Номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллер болон олон улсын Түншлэл уулзалтад оролцсон төлөөлөгчид оролцлоо.

       Н.Энхболд энэхүү Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд хөрөнгө оруулалт хийсэн БНСУ-ын Улаан загалмай болон бусад туслалцаа үзүүлсэн нийгэмлэгүүдэд талархал илэрхийллээ. Мөн энэ төвд зөвхөн манай улаан загалмайч хүүхдүүдээс гадна азийн бүсийн хүүхэд залуучуудын хөгжлийн төв болж өргөжинө. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэлхий нийтэд тэр дундаа залуу хойч үедээ уламжлуулан дэлгэрүүлэхэд хөгжлийн төв ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолж байв.

       БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийг Ерөнхийлөгч хэлэхдээ  ” БНСУ болон  МУЗН-ийн хамтын ажиллагаа улам батжиж, хүүхэд залуучуудын хүрээнд хамтын ажиллагаагаа өрнүүлэх таатай боломж, нөхцөл бүрдсэнд талархаж байна.  Өнгөрсөн жил анх энэхүү зусланг ирж үзээд хөрөнгө оруулалт хийж, улам сайхан болгох нь зүйтэй гэж бодсон. Тухайн үеэс хойш  ийм богино хугацаанд  өөрчлөгдөж чаджээ. Бүтээн байгуулалт бидний нүдний  өмнө босчээ.  Ингээд  бидний хамтарсан үйл хэрэг биеллээ олж чадсанд Та бүхэнд баярлалаа” гэв.

       Хатагтай Сун Жо Кимд хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хүмүүнлэгийн алтан од” медалиар МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд шагнаж урамшууллаа. Мөн хурдан удамын даага түүнд бэлэглэсэн юм.

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын төв цаашид азийн Улаан загалмайч  хүүхдүүдийн зуслан болж, олон улсын арга хэмжээг зохион байгуулах боломжтой.