Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Элхаж Эс Сю Монгол Улсад айлчиллаа

Нийтэлсэн өдөр: 2016.09.29, пүрэв

       Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Гадаад Харилцааны Яамны Дэд Сайд Б.Батцэцэг нартай уулзаж хамтын ажиллагаа болон цаашид хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцож ярилцлаа. Түүний дараа  Элхаж Эс Сю МУЗН-ийн төв байранд зочилж, Сайн дурынхан, гишүүд, дэмжигчидтэй уулзаж, дурсгалын зураг татуулсан юм.


 

Мөн энэ үеэр Элхаж Эс Сю хүмүүнлэгийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Хүмүүнлэгийн алтан од” одонгоор шагнасан юм.

 Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чадавхиа сайжруулахын тулд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос анх санаачилсан “Гамшгийн эрсдэлийг даван туулах, тэсвэртэй байх чадварыг Нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө” олон улсын уриалгыг бүрэн дэмжиж байгаа юм.

Ноён Элхаж Эс Сю энэхүү уриалгыг Монгол Улсын Засгийн газар болон төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийнхэн дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

 

 

        Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Элхаж Эс Сю олон улсын Түншлэл уулзалтад оролцож, Монгол оронд  тохиолдож буй хүмүүнлэгийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулсан.

 

 

Түншлэл уулзалтын дараа Элхаж Эс Сю монгол ахуй амьдралтай танилцахыг хүсч малчин монгол айлд зочлон халуун дулаан яриа хөөрөө өрнүүлсэн юм.