Хууль сахиулах их сургуулийнхан малчдаа туслах аян өрнүүлжээ

Нийтэлсэн өдөр: 2016.03.04, баасан

Хууль сахиулах их сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан малчдад туслах аяныг өнгөрсөн сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулжээ.Аяны хүрээнд цуглуулсан тусламжийн эд зүйлсийг Монголын улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгөхөөр Хууль сахиулах их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Баттогоо, тус зөвлөлийн гишүүн цагдааийн ахмад Б.Ууганбаяр, сургуулийн Соёл,  олон нийтийн  хамтын ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Б.Цэцэгмаа, зураглаач Ш.Одгэрэл, Хүний нөөцийн албаны  хэрэг хөтлөгч Б.Баяндэлгэр нар хүрэлцэн ирлээ.

Тэднийг Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзаж, зудын байдалд буй малчдад хэрхэн тусалж буй тухай болон малчдад туслах аянг хэрхэн зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн Хууль сахиулах их сургуулийн хамт олонд хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж хамтран ажиллаж байгаад нь талархаж илэрхийллээ.Тус аянд ХСИС-ийн бүрэлдэхүүн долоон сургууль, есөн алба, харъяа нэгжүүдийн 400 гаруй ажилтан, албан хаагчид, 300 гаруй сонсогч суралцагчид оролцсон байна. Аян хугацаанд нийт 333 боодол лаа, 406 боодол шүдэнз, 17 ширхэг нүүр гарын саван, 6 ширхэг эдийн саван,  9 ширхэг элгэвч, 4 ширхэг чихэвч, 138 ширхэг бээлий, 11 ширхэг цай, 4 ширхэг аяга угаах порлон, 3 ширхэг гар чийдэн, 4 ширхэг скоч, 2 ширхэг зай, оёдлын утасны ком 1 ширхэг, 9 ширхэг асаагуур, нүүр гарны алчуур зэрэг 17 нэр төрлийн 949 ширхэг эд зүйлсийг цуглуулсан байна.

Мөн “Мандах бүртгэл” дээд сургуулийн хамт олон нэгдэж 41 боодол лаа, 67 боодол шүдэнз, 45 хос бээлий, 9 ширхэг асаагуур, 3 ширхэг элгэвч нэмнээ, 3 ширхэг гар чийдэн, 4 ширхэг скоч зэрэг 172 эд зүйлсийг цуглуулж аянд идэвхтэй оролцжээ.