Монголд туршсан майханд Сирийн дүрвэгсдийг байрлуулжээ

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

 

    Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны техник арга зүй, Английн Улаан Загалмай Нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өвлийн түр орогнох байрын туршилтыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотод 2015 оны 1-р сард гурван долоо хоногийн турш амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү майханд 2015 оны 7-р сараас Сири улсын дүрвэгсдийг байрлуулж эхэлсэн байна.

Энэхүү өвлийн майхан нь Олон улсын Сфер стандартад нийцсэн буюу богино хугацаанд, нэг хүнд ноогдох зай хэмжээ сайтайгаараа давуу талтай.1,8м –ийн өндөртэй, 22,8м2 зайтай, нийт 30 минутад угсрах боломжтой.

Өвлийн майхан нь  цас борооны хамгаалалттай байх, шатамхай бус материал ашигласан байх, 90км/цагийн хурдтай салхины хамгаалалт, 30 кг цасны даацтай, нарны тог хураагуур, гэрэл болон бусад тоноглолуудыг нэмэх боломжтой, өдрийн гэрэл ашиглаж гэрэлтүүлэг хийх бүрэн боломжтой цонхны хэмжээ, шалны тусгаарлагчтай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хаалгыг зохион бүтээсэн зэргээрээ онцлогтой. Түр орогнох майхан нь Туркийн Улаан Хавирган Сар Нийгэмлэг үйлдвэрлэлийг хариуцан туршилтыг  хийж байна.

Ерөнхий Ассемблейн хуралд оролцож буй 166 үндэсний нийгэмлэгүүд, болон ОУУЗУХСНХ-ны  нийт 600 гаруй хурлын төлөөлөгчид энэхүү майхны үйл ажиллагаатай танилцаж, сайшааж байна.

2015 оны 12 сарын 8-ны өдөр ОУУЗУХСНХ-ны түр орогнох байрны судалгааны төвийн танилцуулга зохион байгууллаа. Энэ салбар хуралдаанд Туркийн Улаан Хавирган Сар Нийгэмлэг, Германы УЗН, Недерландын УЗН, Люксинбургийн УЗН, ОУУЗХороо, Холбоо, Суданы УЗН, Монакогийн УЗН зэрэг 20-иод УЗН-үүдийн төлөөлөл оролцож,  өвлийн майхан буюу түр орогнох байртай танилцлаа.

 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...