Зүүн Азийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгийн удирдагчид Улаанбаатарт чуулав

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны /ОУУЗУХСНХ/ Зүүн Азийн бүсийн  Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалт Улаанбаатар хотноо боллоо.   Уулзалтыг  МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд санаачилж,  БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч  Сун Жо Ким,  БНХАУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч Хао Лина, Японы Улаан загалмай Нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч Озука Ёшихару, БНАСАУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч Пак Ёонг Хо болон Хонконг, Макоагийн Улаан загалмайн удирдлагууд оролцсон байна.

  Мөн ОУУЗУХСНХ-ны  Женев дэх Захиргааны газрын дарга Фрэнк Мохауэр, Ази номхон далай бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал  Maртин Фоллар,  Зүүн Азийн бүсийн захирал дарга София Стойменова нарын төлөөлөгчид оролцсон юм.

 Энэ удаагийн уулзалт "Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,  инновацийг нэвтрүүлэх " гэсэн  сэдвийн дор болж, бүс нутгийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал үр дүнтэй болов.

МУЗН-ийн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболд Зүүн Азийн бүсийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалтыг нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн жил Бээжин хотноо болсон Ази номхон далайн орнуудын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Бага хурлаас баталсан “Иновацийн төлөө” уриалгыг МУЗН дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө үндэсний нийгэмлэг бүр хүчин чармайлт  гаргаж, арга туршлагаа хуваалцахад бэлэн  гэдэгт  итгэж байна гэв. Мөн тэрбээр төр, Улаан загалмайн түншлэл хамтын ажиллагааг сайжруулахын тулд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа тухай онцолсон.  Хүмүүнлэгийн бодлогыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны цаашдын зорилгыг тодорхойлоход энэ удаагийн уулзалт өндөр ач холбогдолтой хэмээн тодорхойллоо.

Мөн  Шадар сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож,  төлөөлөгчдөд хандан үг хэлсэн нь Монгол Улсын Засгийн газар Зүүн Азийн бүсийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн  удирдагчдын уулзалтад  ихээхэн ач холбогдол өгч буйг илтгэсэн юм. Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,  гамшиг, осол, хүчирхийлэл, мөргөлдөөний үед хүний амь насыг авран хамгаалах, зовлон бэрхшээлийг нимгэлэх, нөхөн сэргээх зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд  Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн онцгой үүрэг хүлээж ирснийг онцолсон. Зүүн Азийн бүс нутгуудад тохиолдож буй гамшгийн төрөл давтамж нэмэгдэж буй учраас бүсийн хэмжээнд гамшгийн үед хариу арга хэмжээ авах системийг буй болгож, чимээгүй гамшгийн үед ажиллах багийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай гэсэн. Өнгөрсөн 3 дугаар сард Японы Сэндай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах” дэлхийн бага хурлын баримт бичигт тусгасан таван чиглэлийг танилцууллаа. Мөн бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө  оруулалт зэрэг бүхий л нөхцөлийг нэмэгдүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой гэв.   

Мөн УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсч,  илгээлт ирүүлжээ. Тэрбээр  илгээлтдээ, Зүүн Азийн Улаан загалмайн Үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ санаа, шинэ арга барилыг хүмүүнлэгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай тухай онцолсон байна.  Мөн Улаан загалмайн нийгэмлэгийн  эрх зүйн орчин сайжруулахаар  УИХ-ын  нэр бүхий гишүүд “Парламентын нөхөд” лобби бүлэг байгуулж, идэвхтэй ажиллаж байгаад талархан дэмжиж,  хүмүүнлэгийн үйл ажиллагааг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлж, Үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд Зүүн Азийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгүүдийн  удирдагчдын уулзалт чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаа илэрхийлжээ.

Уулзалтын нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу  оролцож,  Улаан загалмайн үйл ажиллагаанд НҮБ ихээхэн ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв.  Тэрбээр,  Улаан загалмайн мэргэшсэн сайн дурынхны чадварыг өндрөөр  үнэлж,    гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, хохирлыг барагдуулахад Улаан загалмайчдын үүрэг оролцоог  нэмэгдүүлэх , хамтран ажиллахад бүх талаараа дэмжин туслахаа илэрхийлсэн юм.

Зүүн Азийн бүсийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын  уулзалтын үеэр  тус бүс нутгийн Залуучуудын сүлжээний уулзалт Улаанбаатар хотноо болж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг  өсвөр залуу үеийнхнийг татан оролцуулах,   түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах санал санаачилгуудыг дэвшүүлсэн байна.

Дөрвөн өдөр үргэлжилсэн Зүүн Азийн бүсийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн  удирдагчдын уулзалт болон  Залуучуудын сүлжээний уулзалтын  үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ази номхон далай бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал  Maртин Фоллар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон үндэсний нийгэмлэгийн удирдагчид  сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Н.Энхболд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ  Зүүн Азийн бүсийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн  удирдагчдын уулзалт өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө. Бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах, нөхөн сэргээх чадварыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Мөн иновацийг үндэсний нийгэмлэг бүр үйл ажиллагаандаа идэвхтэй хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлсон.  Иноваци бол зөвхөн техник технологийн асуудал бус бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, ажлын арга барил зэрэг бүхий л үйл ажиллагаатай холбоотой асуудал. МУЗН  Үндэсний чуулганаас хойших жил гаруй хугацаанд байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, үйл ажиллагааны арга хэлбэрийг сайжруулах, олон нийтэд хүрч ажиллах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, залуучуудын Улаан загалмай хөдөлгөөнийг өргөжүүлэх, Дунд шатны хороог бэхжүүлэх чиглэлээр чухал үр дүнд хүрч байна. Сүүлийн үед залуучуудын Улаан загалмай хөдөлгөөн улс орон бүрт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд манай залуучууд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байгаа. Ганцхан тоо хэлэхэд хүүхэд залуучуудын Улаан загалмайчдын тоо хоёр жилийн дотор  40 гаруй хувиар нэмэгдснийг  дуулгахад таатай байна. Зүүн Азийн бүсийн Улаан загалмайн нийгэмлэгүүдийн удирдагчид хөдөлгөөнийхөө үндсэн зарчмыг илүү үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ жил  Олон улсын Улаан загалмай хөдөлгөөний  долоон үндсэн  зарчим батлагдсаны 50 жилийн ой болж буйтай холбогдуулж,  энэхүү долоон зарчмыг цаашид үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэх хамтарсан мэдэгдэл гаргалаа”гэв.    

Үүний дараа Ази номхон далайн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Мартин Фоллер  “Зүүн Азийн бүсийн  Улаан загалмайн нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалт өөр өөрийн онцлогийг  агуулсан үндсэн сэдвийн доор явагддаг. Энэ жил үндэсний нийгэмлэгүүд иновацийн төлөө үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, хурдацтайгаар амжилтад хүрэх тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд МУЗН өөрийн үйл ажиллагааны ололт, амжилт болон  тулгамдаж буй асуудлуудаа  бусад үндэсний нийгэмлэгүүдэд танилцуулж, ажлын арга туршлагаа хуваалцлаа. Энэхүү уулзалтад оролцсон үндэсний нийгэмлэг бүр цаашдын үйл ажиллагаандаа шинэчлэл болон  иновацийг нэвтрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах тухайгаа тайлагнасан юм.

МУЗН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаандаа тодорхой шинэчлэл хийж, идэвхтэй үйл ажиллагааг явуулж байна. Улмаар өөрийн орны төр, засаг, ОУУЗУХСНХ, Улаан загалмай хороо болон бусад үндэсний нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах таатай хөрс суурийг бүрдүүлж чадлаа. Энэ бүхэнд  МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаа нарын гүйцэтгэсэн үүргийн онцлох хэрэгтэй”  гэв.

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Улаан загалмай хорооноос дэлхийн улс орнуудад хандаж, Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоо шинэчлэх уриалга гаргаж, загвар хуулийг боловсруулсан юм. Дэлхийн 189 оронд Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр нийгэмлэгүүдийн  140 гаруй нь шинэ хуулийн загварын дагуу хууль тогтоомжоо  өөрийн орны онцлогт тохируулан  шинэчлэн,  боловсруулах үйл ажиллагаанд хамрагдаж байна. Монгол Улсын хувьд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д “Парламентын нөхөд” бүлэг байгуулж, идэвхтэй ажиллаж байгааг ОУУЗУХСНХ талархан дэмжиж байна. Энэ бол бусад үндэсний нийгэмлэгүүдэд үзүүлэх маш чухал туршлага юм.

Мөн 2015 онд  Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн зарчим батлагдсаны 50 жилийн ой  тохиож байна. Зүүн азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчид Хөдөлгөөний долоон үндсэн зарчмыг илүү үр бүтээлтэй хэрэгжүүлэх талаар  хамтарсан мэдэгдэл гаргасан нь энэ удаагийн  удирдагчдын уулзалтын онцлог юм.

Энэ удаагийн уулзалтаар Үндэсний нийгэмлэгүүд шинэчлэл, иновацийн төлөө тодорхой зарчимд тулгуурлан амлалт авлаа. Амлалтын гол агуулга нь зарчимч, шинэлэг, алсын хараатай, санхүүгийн хувьд тогтвортой, даван туулах чадвартай Үндэсний нийгэмлэг бий болгоход чиглэж байна.