Баянзүрх дүүргийн шилжин суурьшигчид чадавхижуулах сургалтад хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2021.03.22, даваа


Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Urban Hub-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Хөдөө орон нутгаас шилжин ирсэн гэр бүлийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх болон амьжиргааг дэмжих" төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх, бизнесийн чиг баримжаа олгох” сургалт Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороонд боллоо. Дүүргээс сонгогдсон шилжин суурьшигч 15 өрхийн гишүүдийг коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ийнхүү 2 хэсэгт хувааж, халдвар хамгааллын дэглэмийн дор сургалтаа зохион байгуулав.

Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нийгийн халамж, оролцоог дэмжих хөтөлбөрийн ажилтан Г.Нарангоо, Жижиг дунд үйлдвэрлэл худалдааны нэгдсэн холбооны сургагч багш О.Итгэл, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны Арга зүйч Э.Нандинцэцэг нар жижиг, дунд бизнес эрхлэх санхүүгийн төлөвлөлт боловсруулах, төсөл бичих аргачлал, Гамшгийн эрсдэлийг даван туулах, өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах аргачлалын талаар мэдлэг олгосон юм.