Хүнсний багцыг хүрэх ёстой эздэд нь хүргэлээ

Нийтэлсэн өдөр: 2020.12.24, пүрэв


Хүнсний багц хүлээсэн хөл хорионы үеийн монголчууд

Коронавируст халдварын цар тахлын улмаас тогтоосон хөл хорио монголчууд төдийгүй дэлхий нийтийн хэрэглээ, боломж, эдийн засгийг “хориод” байгаа ч сайхан сэтгэлтэй хүмүүс, аж ахуйн нэгж байгууллага амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй, ганц бие, хар хандах хүнгүй, байнгын асаргаанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ туслах сэтгэл, эд материалын хил хязгааргүй өглөгийг хорих боломжгүй билээ. Монгол Улсад Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосноос 27 дахь хоногт сэтгүүлч надад Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын ажилтнуудын багт орж, монголчуудын амьдрал хэрхэн өрнөж байгааг харах боломж гарлаа. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоосноос 27 хоног өнгөрсөн гэдэг бол төдийлөн бэлтгэлгүй байсан ард иргэдийн олонхийнх нь хувьд хоол хүнс нь дуусаж, түлш нь барагдан, түрийвч нь хоосорсон өдрүүд эхэлсэн хугацаа.

Баянзүрх дүүргийн V хороо бол Улаанбаатар хотын төвийн дүүргийн, дэд бүтэц, элдэв худалдаа наймаа, зах зээлдээ хамгийн ойрхон төдийгүй, бараг төв гэж болохоор хэсэг. Энэ нь олон нийтийн хувьд “Хотын төв рүү ойртох тусмаа хүмүүсийн амьдралын түвшин дээрдэж, нэлээд боломжийн өрхүүд амьдардаг” гэх ойлголт, тодотголтой бүс гэсэн үг. Сэтгүүлчийн хувьд ногдсон ажлаа голонгуй, “Бүр боломжгүй, тарчиг амьдралтай бүсээр явсан сан бол. Энэ хавь бол хамаагүй боломжтой, хамаагүй аятайхан амьдардаг айлуудтай хэсэг. Тэр ч битгий хэл олонхийнх нь хүнс дуусаагүй байгаа биз” хэмээн шүүрс алдсаар хүнсний багц тээвэрлэсэн машинд суулаа.

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо, дүүргийн хорооноос гаргаж өгсөн хаягийн дагуу тусламж хэрэгтэй, идэх хоолгүй, түлэх түлшгүй өдөр хоногийг өнгөрүүлж буй өрхүүдийг бид олж очих ёстой. Уртаас урт хөврөх жагсаалт дахь хаяг, тоотыг хэн нэгнээс сураглахгүй, ойр хавийнх нь дэлгүүр, худаг, автобусны буудал гэх мэт олны мэддэг газраар баримжаалахгүй л бол замбараагүй хаягжилт цаг тулсан үед “КОВИД-19”-өөс илүү аюул тарьж мэдэхээр юм. Муруй, мухар, овоо дарааллаараа явж байснаа гэнэт огт өөр тоотоор үргэлжлэх уртаас урт гудамжууд уул дамнан байрласан гэр хороолол дундаас бид тусламжийн хүнсний багц зайлшгүй шаардлагатай хэмээн хүсэлт гаргасан эхний өрхөө арайхийн олж очлоо.

Н.Сувд /нэр тусламж хүртэгчийн хүсэлтээр өөрчлөв/ нөхөр зургаан хүүхдийн хамт айлын хашаа байшин түрээслэн амьдардаг аж. Тэрбээр тусламжийн хүнс тараахаар зорьж яваа машиныг амдан гүйж ирээд “Манайхыг хайж яваа юу. Бид Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүнсний багцад манайхыг хамруулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан юм. Олж ирэхэд их хэцүү байгаа биз, манайх. Гэхдээ төвөгшөөлгүй олоод ирсэнд баярлаж байна. Манайх ам бүл наймуулаа. Нөхөр маань зуны цагаар барилгын ажил хийж, биднийг хоол ундаар тасалдаггүй. Өвөл ажил нь зогсчихдог болохоор гэртээ байдаг. Эгч нь ой гурван сартайгаас 13 насны зургаан хүүхэдтэй. Байгаа зүйлээ хүүхдүүддээ хүргэж, болгох гэж чадлынхаа хэрээр хичээдэг ч хүрэлцэхгүй, байхгүй нь олон болчихоод байна. Би уг нь байхгүй гэж хэлэх дургүй ч хөл хорионы энэ урт өдрүүдэд үнэхээр шавхаад ч гурил гарахгүй, аргацаагаад ч түлш олдохгүй байлаа. Хүүхдийн мөнгө авдаг ч түүнийхээ талыг хашаа, байшингийнхаа түрээсийн төлбөрт өгчихдөг юм. Үлдсэнээр нь хүнс, ахуйн хэрэгцээт зарим зүйлээ базаагаад таардаг” гэсээр тусламжийн хүнсний багцаа тэврээд үлдэв. Тусламжийн машин хөдлөхтэй зэрэгцэн хашаанаас дэрсхэн жаалууд гүйлдэн гарч ирж, 10 кг-аар савласан хоёр уут гурил, хүнсний багцтай уутыг дамжлан цаашилж харагдлаа.

Тэндээсээ бид тус хорооны нутаг дэвсгэрийн XIX хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Н.Дулмаагийнхыг зорьсон бөгөөд гэрийнх нь гадаа очвол үсээ толийтол сүлжиж, нүүрээ цэмцийтэл угаасан 6, 9 настай охид гэрээсээ гарч ирээд эргэв. Хүнсний багц, ууттай гурилаа буулгах зуурт том нь ээжийгээ түшиж, бага нь бараа болсоор гэрээс гарч ирлээ. Н.Дулмаа одоогоос таван жилийн өмнө тал харваж, баруун гар, хөл нь мэдээгүй болж, групп тогтоолгосон гэнэ. Группийн мөнгө, хоёр хүүхдэд нь сар бүр улсаас олгодог хүүхдийн мөнгөнөөс илүүчлэн гурван жил гаруй хугацаанд цуглуулсаар өөрийн гэсэн таван ханатай гэртэй болж, өнгөрсөн жил айлын хашаа бараадан буусан нь энэ аж. Энэ тухайгаа тэрбээр “Шөнө оройгоор манайх руу орох жаахан эвгүй, өндөрдүү жалгатай ч өөрийн гэртээ байх сайхан байна, бид гуравт. Манайх гурван хүүхэдтэй. Том хүү маань өнгөрсөн намар цэрэгт явсан. Бид гуравт яг хэрэгтэй цагт, тодорхой хэлбэл хоолгүй болсноос гурав дахь хоног дээр маань хүнс авчирч өгч байгаа та бүхэнд баярлалаа. Үлдсэн жаахан гурилаараа талх барьсныгаа өнөөдөр яг дуусч байсан юм. Хэдийгээр би барагтай бол гэрээс гардаггүй ч хоол, хүнстэй залгуулж байгаа хүмүүст баярласан сэтгэлээ заавал өөрийн биеэр хэлнэ гээд гараад ирлээ. Баярлалаа, хүнсний тусламж өгөхөөр санаачилсан, хөрөнгийг нь гаргасан, хүргэж ирсэн бүх хүнд” гэлээ. Цар тахлын үеийн хүн хоорондын зай барих, тусламж хүргэж байгаа айлдаа орохгүйгээр тусламжаа зайнаас хүргэх зэрэг дэглэмээ бид энэ удаад “зөрчиж”, хүнсний багцаа гэрийнх нь үүдэнд хүргээд буцлаа.


Улаанбаатар хотын өндөр өндөр орон сууцнууд, түүний урдханд залрах Зайсангийн шилэн тансаг барилгууд энүүхэнд харагдах Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр. Бид ийн тусламжийн багийнхны тооцоолсноор 4-8 хүнтэй нэг өрхийн нэг сарын хугацаанд хэрэглэх гурил 20 кг, цагаан будаа  таван кг, ургамлын тос  нэг литр, элсэн чихэр  хоёр кг, гүрж ногоон цай нэг боодол, давс  нэг кг, гурван кг гоймон багтаасан хүнсний багцыг нэн шаардлагатай өрхүүдэд тараасаар зургаа дахь айлынхаа хашааны гадаа зогслоо. Хүнсний тусламж хүссэн гэхэд дэндүү чамин хээ, угалз болсон, дунджаас дээгүүр орлоготой айл л хийлгэдэг гэмээр шинэвтэр төмөр хаалга онгойн 30 дөнгөж хүрч байгаа гэмээр эмэгтэй гарч ирсэн нь Н.Маралмаа байв. Тэрбээр Хоёр ой, зургаан настай хоёр хүүхэдтэйгээ монгол гэрт амьдардаг гэнэ. Амьдралынхаа талаар “Бага охин маань хөгжлийн бэрхшээлтэй учир байнгын асаргаа шаарддаг. Тиймээс ажил хийх боломжгүй, хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Хүүхдүүдийн маань эцэг бага охиноо төрсний дараахан хаяад явсан. Хэдийгээр өрх толгойлж амьдарч байгаа ч МУЗН, өрх, хорооныхоо сайхан сэтгэлтэй хүмүүс манайхыг мартаж, орхигдуулалгүй тусалж, дэмжиж байгаад баярлаж явдаг. Өнгөрсөн долдугаар сард хорооны маань хэсгийн ахлагч манай хашааны хаалгыг төслийн хүрээнд ийм гоё хаалгаар сольж өгсөн юм. Бид гуравт хоол хүнснээс гадна түлэх түлээ, сайжруулсан түлшгүйн зовлон нэлээд гарч байна. Цар тахлын үед хүүхдүүдээ ханиад хүргэж, эмнэлэгт оччихгүйн тулд хашааны банз гэх мэт түлж болох бүхнээ түлээд дуусгаж байна даа” гэлээ.

Маралмаагийнх  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ердөө 5-6-хан километрийн зайтай амьдардаг. Ийн онцолсны учир нь ядуурал захын хороолол, алслагдсан дүүргүүд, уулын гуу, жалга, хогийн цэгээс хүрээгээ тэлсээр хотын төвд “орж ирсэн”-ийг, тэр тусмаа хаалга дараалан хүнсний тусламж хүргэх хэмжээнд хүрснийг хүнсний багц хүлээсэн иргэдийн амьдралаас харлаа. “Ковид-19” цар тахлын хөл хорио, тусламж хүргэх горим, дэгийн улмаас бид айл өрхүүдийн гэрт орж, амьдарч буй байдалтай нь нүүр тулан танилцах боломжгүй байсан ч хүнсний багц авахаар гарч ирсэн эмэгтэйчүүдийн царайнаас ядарч, өлсөж, даарч, үүнээсээ болон бухимдсан, цөхөрсөн нь илт харагдана.

Хасах 20 хэдэн хэмийн хүйтэнд айл айлын хашааны хаалга нүдэн “Тэднийх мөн үү” хэмээн нохойд хөөгдөх нь хөөгдөж, халтирч унасан ч даарч, өлсөхөө ч мэдэх сөхөөгүй зүтгэх Монголын улаан загалмай нийгэмлэгийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтнууд, сайн дурын идэвхтэн ажилтнууд хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, “Монголчууд гэртээ” теле концертийн хандив, “Рио Тинто Монгол” тэргүүтэй 13 байгууллагын хүнсний багцыг зорилтот 15507 өрхөд цаг алдалгүй хүргэж байгаа нь энэ.


Сурвалжилганыхаа төгсгөлд цагийг нь олсон тусламж хандивласан байгууллагуудын төлөөлөл болох “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Амаржаргалаас товчхон тодруулга авсан юм.

Дэлхийн хэмжээний уул уурхайн корпорацийн Монгол дахь салбар компани хүнсний тусламж шаардлагатай өрхөд туслах санаачилга гаргасанд тусламж хүртсэн иргэд, хүүхэд, багачуудын өмнөөс баяртай байна. Энэхүү санаачилгад яагаад хамрагдахаар болсон бэ?

Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Монголын эмзэг бүлгийнхэнд туслахаар ажиллаж байгаадаа бид баяртай байна. Улаан загалмай нь хүнд хэцүү цаг үед тусламж хэрэгтэй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. “Рио Тинто” компани дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед үйл ажиллагаа явуулдаг улс орнуудынхаа иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах үүднээс тусламжийн санхүүжилтийг баталсан. Энэ хүрээнд бид Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийн 3000 иргэнд хүнсний тусламжийн санхүүжилтийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан олгосон юм. Мөн энэ хүйтэн өвлөөр хүнсний тусламж олгохоор ажиллаж байгаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын ажилчдад ч бас дахин талархаж байгаагаа илэрхийлэе.

-Коронавирусын эсрэг арга хэмжээнд тусламжийн санхүүжилт баталсан гэлээ. Монголд хүнсний тусламж хүргэхээс гадна өөр ямар ажлыг хэрэгжүүлж байгаа вэ?

-“Рио Тинто” компанийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-аас НҮБ-ын Хүн амын сангаар дамжуулан бид таван газарт  PCR оношилгоо, үйлчилгээний цогц нэгжийг байгуулахаар ажиллаж байна. Эхний PCR оношилгоо, үйлчилгээний цогц нэгж ирэх сард ашиглалтад орж, удахгүй иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлэхээр байгаа юм. Бид хамтын хүчээр энэ хүнд хэцүү цаг үеийг амжилттай даван гарч чадна гэж итгэж байна.

Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг Х.Бөртэ