Монголын улаан загалмай нийгэмлэг 80 жилийн ойгоо тэмдэглэлээ

Нийтэлсэн өдөр: 2019 оны 7-р сарын 5. Баасан гариг.

Монголын улаан загалмай нийгэмлэг 80 жилийн ойн баярын хурал 2019 оны 7 сарын 5-ны өдөр Төрийн ордонд боллоо. Баярын хуралд гадна, дотны 800 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд нээж Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Тэрбээр “Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн ирсэн хүмүүнлэгийн Анд, нөхөд та бүхэнд баярлалаа. “Монголын улаан хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал 4 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталж байсан. Энэ өдрийг Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж тэмдэглэж ирсэн. БНМАУ-ын Ардын Их Хурал 1958 онд Женевийн Конвенцийг хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн бие даасан байгууллага болон хөгжих, Олон улсын Улаан загалмай хөдөлгөөнд нэгдэх үндэс суурь болсон юм. Монголын улаан загалмай нийгэмлэг нь 1959 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Олон улсын Улаан загалмайн хороогоор хүлээн зөвшөөрөгдөж Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд 84 дэх гишүүн байгууллагаар элсэн орсон. Монголын улаан загалмай нийгэмлэг сүүлийн 3 жилийн хугацаанд 17,520 мянган айл, өрхөд 8 тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлээд байна. Өнгөрсөн 2018 онд 517,000 хүн улаан загалмайн үйл ажиллагаанд оролцож байгалийн гамшигт өртсөн өрхийн тал хувьд нь хүрч ажилласан байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.



Улмаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн арга хэмжээнд уригдсан гадна, дотны зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, нарын илгээлтийг тус бүр уншиж танилцуулав. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хошууч генерал Т.Бадрал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны дарга асан, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нар баяр хүргэж үг хэллээ. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Франческо Рокка, Олон улсын Улаан загалмайн Хорооны Зүүн азийн бүсийн суурин төлөөлөгч Пиер Дорбес нар МУЗН-ийн хамт олонд амжилт хүсэн юм.


Үүнээс гадна Япон, Хятад, Австрали, Солонгос, Итали, Киргизстан зэрэг улс орнуудын үндэсний нийгэмлэгүүдийн удирлагууд оролцсон юм. Баярын хурлыг хааж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлэхдээ “Монголын улаан загалмай нийгэмлэг хугацаанд гишүүд, дэмжигчдынхээ тоог 520,000 мянгад хүргэлээ. Бид сүүлийн таван жилийн хугацаанд байгууллагын хүчин чадлыг сайжруулж Ази номхон далайн бүсийн хэмжээнд олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдсан анхны Үндэсний нийгэмлэг болж чадлаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Эрх зүйн байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах хуульд үндэсний нийгэмлэгийн төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргийг тодорхой зааж өгсөн нь дэлхийн бусад үндэсний нийгэмлэгүүдэд шинэ загвар, сайн туршлага боллоо. Ирэх 10 жилд бид хүмүүнлэгийн салбарт үндэсний манлайлагч байж, үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлж, бүх нийтийг хамарсан хүмүүнлэгийн хүчирхэг сүлжээг өргөжүүлэх, улс орныхоо тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдгийг энд онцлон хэлье. Бид Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэн нийгмийн аль ч давхаргад хүрч ажиллаж байна” гэв.

Улмаар үйл ажиллагаанд оролцогчид Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр ойн арга хэмжээ өндөрлөв.