Улаан загалмайчид гамшгаас хамгаалах сургуулилтад аврах мэргэжлийн багийн үүргээ биелүүллээ

Нийтэлсэн өдөр: 2018.10.02, мягмар

Сүхбаатар аймагт  гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт өнгөрсөн сарын 20-28-ны өдрүүдэд боллоо. Энэхүү сургуулилтад МУЗН-ийн Гамшгийн мененжментийн хөтөлбөрийн ажилтан П.Амарзаяа, нийслэлийн Баянзүрх дүүргийн дунд шатны Улаан загалмайн хорооны  дарга Д.Жавзмаа нар ажиллалаа.


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ийн дэд дарга хурандаа Б.Ууганбаяр ажиллаж,  аймгийн 130 удирдах ажилтанд “Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг үнэлэх үнэлгээний аргачлал” сэдвээр хичээл заасан байна.  


Мөн Сүхбаатар аймгийн Улаан загалмай хорооны арга зүйч, сайн дурынхны тусламжтайгаар “Гэмтлийн механизм”, “Цус алдалтын үеийн анхны тусламж”, “Түлэгдэлтийн үеийн анхны тусламж”, “Хугаралын үеийн анхны тусламж, тээвэрлэлт”, “Зүрх, уушигний сэхээн амьдруулалт”  сэдвүүдээр сургалтад 120 гаруй хүмүүс оролцжээ.


Мөн   Дунд шатны Улаан загалмайн хорооны дэргэдэх гамшигтай тэмцэх дэд багийн гишүүд аврах ажиллагааны үзүүлэх сургуульд сайн дурын мэргэжлийн ангийн үүргийг гүйцэтгэлээ.  

Баруун-Урт хотын 18 000 орчим, Сүхбаатар сумын 1200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажилд аймгийн Дунд шатны улаан загалмай хорооны гамшигтай тэмцэх багийн 15 гишүүн, сумын анхан шатны хорооны 13 сайн дурын ажилтан, хүүхэд залуучуудын хөдөлгөөний 10 сайн дурын идэвхтэн сумын иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн.


Тус аймгийн  Улаан загалмайн  хороо нь БНХАУ-ын Зүүн үзэмчин хошууны Улиастайн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн нөөц бүрдүүлэх байгууллагын хүчин чадлыг сайжруулахад анхаарч ажилласан байв.