2026-08-25

COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь Цэнхэр бүсэд үүрэг гүйцэтгэж байна.
COP17-ын Цэнхэр бүс нь албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, сайд нарын яриа хэлэлцүүлэг болон улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн үйл ажиллагаа төвлөрдөг гол талбар юм. Тус бүсэд зөвхөн албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн оролцогчид нэвтрэх боломжтой бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн тэсвэржилт зэрэг асуудлаар олон улсын бодлого, шийдврийг хэлэлцэж байна. Харин энэхүү чухал бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сайн дурын ажилтнуудын оролцоо ч чухал үүрэгтэй.
Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид COP17-ын Цэнхэр бүсэд ажиллаж буй 10 сайн дурын ажилтны төлөөлөлтэй ярилцаж, тэдний хийж буй ажлын туршлага, сэтгэгдлийг хуваалцаж байна.
Д.БУЯНХИШИГ: A ZONE
"Надаас ярилцлага авч байгаа энэ үйл явдал надад их талархууштай байна. Намайг Д.Буянхишиг гэдэг. Би одоо 42 настай. Бизнесийн салбар, тэр дундаа жижиг, дунд бизнесийн чиглэлээр менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. COP17-ын хүрээнд ажиллаж байгаа сайн дурын ажилтнуудын дундаж нас 24-25 орчим байх шиг санагдсан. Харин миний хувьд тэдэнтэй харьцуулахад арай ахимаг насны сайн дурын ажилтан болж оролцож байна. Яагаад COP17-д сайн дурын ажилтнаар оролцож байгаа вэ гэвэл, миний ажлын үндсэн зорилго бол тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг байгууллага болон тэнд ажиллаж байгаа нийт хүмүүст түгээх юм. Үүнийхээ хүрээнд байгууллагуудыг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ онгон хэвээр нь үлдээхэд хувь нэмрээ оруулдаг байхад нь дэмжих зорилгоор үйлчилгээ, сургалтыг хүрээнд ажиллаж байна. COP17-д оролцож байгаа сэтгэгдэл маань үнэхээр өндөр байна. Энэ том хурлын нэг хэсэг болж, олон улсаас ирсэн зочид, төлөөлөгчдөд өөрийн чадах, мэдэх зүйлээрээ тусалж, дэмжлэг үзүүлж байгаадаа маш их баяртай, сэтгэл хангалуун байна.
Энэ 12 хоногийн хугацаанд манай сайн дурын ажилтнууд бүгд сэтгэл зүрхээ гарган, маш сайхан ажиллаж байна. Ялангуяа энэ залуучуудаараа үнэхээр бахархаж байна. Өөрөө ч бас тэдний нэг хэсэг болж байгаадаа маш их баяртай байгаа.
2026-08-25
2026-08-25