2026-10-23

Монголын улаан загалмай нийгэмлэг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтын ажиллагааны хүрээнд "Байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа иргэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, асаргаа, сувилгааны ур чадварыг нэмэгдүүлэх" сургалтыг өнөөдөр танхим болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгууллаа. Сургалтад Монголын улаан загалмай нийгэмлэгт ажиллаж байсан ахмадууд, Дунд шатны хороодын сайн дурын идэвхтэн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа асрамжийн байгууллагын ажилтнууд болон Нийгмийн хамгааллын тусгай төвийн ажилтан, асрагч нарын нийт 40 орчим хүн хамрагдаж байна. Мөн цахимаар 21 аймаг, 9 дүүргийн арга зүйч, сайн дурын идэвхтэн нарын 100 орчим хүн хамрагдав.
Сургалтын гол зорилго нь сайн дурын идэвхтэн болон ахмад настны асран хамгаалагчдад ахмад настны хэрэгцээнд нийцсэн, хүн төвтэй, аюулгүй асаргаа, дэмжлэг үзүүлэх суурь мэдлэг, харилцааны ур чадвар, өдөр тутмын практик дадал эзэмшүүлж, ахмад настны бие даасан байдал, үйл ажиллагааны чадвар, амьдралын чанарыг дэмжихэд чиглэсэн юм.
Оролцогчид сургалтад хамрагдсанаар асаргаа, дэмжлэг, бие даасан байдал, хүн төвтэй хандлага, зөвшөөрөл ба нууцлалын үндсэн ойлголт, ахмад настны хэрэгцээ, үйл ажиллагааны чадвар, өдөр тутмын үндсэн болон хэрэгслийн үйл ажиллагааны ялгаа, насжилттай холбоотой сэтгэл зүйн өөрчлөлт, хүндэтгэлтэй харилцааны зарчим, хөдөлгөөний аюулгүй дэмжлэг, уналт болон даралтын гэмтлээс урьдчилан сэргийлэх суурь арга барилд суралцав.
Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул, АШУҮИС-ийн багш, гериатрийн эмч, эмнэлзүйн сургагч багш Ч.Одгэрэл, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ахмад сургагч багш Д.Цэрэнсодном нар чиглүүлэн ажиллалаа.