“ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР” 138 ДАХЬ ЦУС ЦУГЛУУЛАХ ӨДӨРЛӨГТ 50 ГАРУЙ ХҮН ЦУСАА ХАНДИВЛАЛАА

2026-11-04

Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран “Цусаа бэлэглэх өдөр” 138 дахь цус цуглуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч Э.Ууганбаяр, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, Анагаах ухааны доктор Б.Нарантуяа, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны тэргүүн Ч.Нямдавга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Энхбаяр нар, Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны дарга З.Өсөхбаяр нар үг хэлж, энэрэнгүй үйлсийн эзэд болсон цусны донорууддаа талархал илэрхийлсэн юм. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Энэ үеэр Бахархал-50 тэмдгээр 1, Бахархал-40 тэмдгээр 2, Бахархал 30 тэмдгээр 2, Бахархал 20 тэмдгээр 5, Бахархал 10 тэмдгээр 6 хүнийг тус тус шагнаж урамшуулав.

“Цусаа бэлэглэх өдөр” 138 дахь цус цуглуулах өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 50 ажилтан, албан хаагч хамрагдаж, хүний алтан амь аврах үйлсэд нэгдсэн юм.

Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж Ulker Mongolia, DONOR BRAND хамтран ажиллалаа.