COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл

2026-08-23

COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь Цэнхэр бүсэд үүрэг гүйцэтгэж байна.

COP17-ын Цэнхэр бүс нь албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, сайд нарын яриа хэлэлцүүлэг болон улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн үйл ажиллагаа төвлөрдөг гол талбар юм. Тус бүсэд зөвхөн албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн оролцогчид нэвтрэх боломжтой бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн тэсвэржилт зэрэг асуудлаар олон улсын бодлого, шийдврийг хэлэлцэж байна. Харин энэхүү чухал бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сайн дурын ажилтнуудын оролцоо ч чухал үүрэгтэй.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид COP17-ын Цэнхэр бүсэд ажиллаж буй 10 сайн дурын ажилтны төлөөлөлтэй ярилцаж, тэдний хийж буй ажлын туршлага, сэтгэгдлийг хуваалцаж байна.

М.МӨНХЦЭНГЭЛ: BUFFET AREA

"Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мөнхбатын Мөнхцэнгэл гэдэг. Би Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороонд ажилладаг. Багаасаа Улаан Загалмайн Нийгэмлэгийн гишүүнээр элсэж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцон, өөрийн үеийн залуучуудыг дагуулж, хамтдаа сайн дурын үйл ажиллагаанд оролцож ирсэн. Энэ жилийн хувьд COP17 манай Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь онцлох үйл явдал болж байна. Тиймээс COP17-ын үеэр сайн дурын ажилтнаар бүртгүүлж, энэхүү том арга хэмжээний нэг хэсэг болж ажиллаж байна. Одоогоор ер нь бидний ажил үндсэндээ дуусах дөхөж, энэ жилийн хурал маань амжилттай зохион байгуулагдаж байна. Миний хувьд Buffet Area буюу хүмүүс өдрийн хоолоо идэж, амарч, хоорондоо танилцаж, ажлынхаа завсарлагааг өнгөрүүлдэг хэсэгт ажиллаж байгаадаа баяртай байгаа. Ер нь энэ том арга хэмжээнд оролцсоноороо нэр төрийн хэрэг болж байна. Мөн олон шинэ найз нөхөдтэй болж, танилын хүрээгээ тэлж, олон шинэ зүйл сурч, өөртөө үнэ цэнтэй туршлага хуримтлуулж чадлаа. Энэ том арга хэмжээнд оролцож, арын албанд нь ажилласан нийт ажилчид болон сайн дурын ажилтан найз нөхөддөө баяр хүргэж, цаашдын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсье.