2026-08-27

COP17 БАГА ХУРЛЫН АРД: Цэнхэр бүс дэх сайн дурын ажилтнуудын сэтгэгдэл: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь Цэнхэр бүсэд үүрэг гүйцэтгэж байна.
COP17-ын Цэнхэр бүс нь албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалт, сайд нарын яриа хэлэлцүүлэг болон улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн үйл ажиллагаа төвлөрдөг гол талбар юм. Тус бүсэд зөвхөн албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн оролцогчид нэвтрэх боломжтой бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн тэсвэржилт зэрэг асуудлаар олон улсын бодлого, шийдврийг хэлэлцэж байна. Харин энэхүү чухал бүсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад сайн дурын ажилтнуудын оролцоо ч чухал үүрэгтэй.
Тиймээс энэ удаагийн нийтлэлээр бид COP17-ын Цэнхэр бүсэд ажиллаж буй 10 сайн дурын ажилтны төлөөлөлтэй ярилцаж, тэдний хийж буй ажлын туршлага, сэтгэгдлийг хуваалцаж байна.
Т.САРАНГОО: DELEGATION PAVILION
"Сайн байна уу, манай баг нь цөлжилттэй тэмцэх талуудын 17-р бага хуралд “Delegation pavilion”-ийг хариуцан ажиллаж байна. Энэхүү хэсгийн онцлог нь улс орон, олон улсын байгууллагууд, олон улсын бизнесийн байгууллагуудын нийтдээ 60-аад booth-үүд байршсан ба тус бүр өөр өөрсдийн онцлогийг шингээсэн өнгөлөг, өвөрмөц дотоод интерьер бүхий павилионууд өдөр бүр онцлох сэдвүүдээр side event, panel discussion зэргийг өрнүүлж байна. Манай сайн дурын идэвхтнүүд энэхүү хэсэгт орж ирж буй зочид төлөөлөгчдийг эерэг найрсгаар угтан, тэднийг чиглүүлэх, хурал зохион байгуулж буй павилионы төлөөлөгчид туслах, зочдын урсгалыг зөв залуурдах, мэдээлэл хүргэх зэргээр өдөрт дунджаар 1000-иад зочдод үйлчилж байна. Ажлынхаа хажуугаар павилионуудаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцах болон чөлөөт цагаараа эвентүүдэд оролцох боломжтой байдаг. Зохион байгуулагчид бидэнд маш найрсгаар ханддаг. Жишээ нь Турк улсын павилионоор зочлоход амттан, цайгаар дайлж, профессор Мухаммед судалгаагаа танилцуулж, ноён Йылдырым нэрийг маань каллиграфаар бичиж өгсөн нь их дотно санагдсан. Энэхүү хэсэгт ажиллаж, COP17 хурлын зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаадаа маш баяртай байна."
2026-08-27
2026-08-27