700 ГАРУЙ САЙН ДУРЫН ИДЭВХТЭН COP17 БАГА ХУРЛЫН АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

2026-08-28

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө.

Энэ хурлын үеэр нийт 700 гаруй сайн дурын идэвхтэн ажиллаж, хуралд оролцогчдод мэдээлэл хүргэх, чиглэл өгөх, дэмжих, протокол, бүртгэл, дуудлагын төв, соёлын арга хэмжээний зохион байгуулалт болон бусад үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан байна. Сайн дурын ажилтнууд Цэнхэр, Ногоон бүс, Зочид буудалд ажиллаж, гадаадын зочдын хүлээн авалт, хүргэлт, шилжилт хөдөлгөөн болон бусад туслалцааг үзүүлжээ. Нисэх буудлын сайн дурын ажилтнууд гурван ээлжээр ажиллан олон улсын зочдыг угтаж, мэдээлэл болон чиглэл өгч ажиллалаа.

Сайн дурын идэвхтнүүд төлөөлөгчид, зочид, оролцогчдыг угтан авч, мэдээлэл хүргэх, зохион байгуулалтын үйл ажиллагааг дэмжих зэрэг олон чиглэлд хариуцлагатай ажилласан сайн дурынхны хүчин чармайлт нь хурлын хэвийн, үр дүнтэй зохион байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэлээ.

Та бүхний хичээл зүтгэл, мэргэжлийн хандлага, хамтын ажиллагаа нь Монгол Улсыг олон улсын өмнө нэр төртэй төлөөлөхөд үнэтэй хувь нэмэр болсон юм.

Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын сурлага, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.