2026-07-20

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Өнөөдөр дэлхий дахинд болон манай бүс нутагт өдрөөс өдөрт хүмүүнлэгийн хэрэгцээ үүсч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, байгалийн томоохон гамшиг, аюулт үзэгдэлд бэлэн байх, урьдчилан тооцоолж, эрт хариу арга хэмжээ авах, чадавхиа улам бэхжүүлэх нь тулгамдсан асуудал болж байна.
Тиймээс, Зүүн Азийн орнуудын Улаан загалмайн Удирдагчид жил бүр нүүр тулан уулзаж, бүс нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн тулгамдсан асуудлаа хэлэлцэн үйл ажиллагааны арга туршлагаа хуваалцаж, цаашид хамтран ажиллах чиглэл, тэргүүлэх зорилтуудаа тодорхойлдог уламжлалтай.
Энэхүү уулзалт нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг Үндэсний нийгэмлэгүүд, Олон улсын Улаан загалмай хороо, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хамтын ажиллагааг улам нэгтгэж, аливаа хямралыг даван туулах бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Зүүн Азийн Улаан загалмайн Удирдагчдын уулзалтыг нээж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн төлөөлөгчийн газрын захирал Ольга Жумаева, Олон улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн төвийн Суурин төлөөлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгч Борис Келечевич болон Зүүн Азийн Улаан загалмайн Залуучуудын сүлжээний төлөөлөл үг хэллээ.
Тэд Зүүн Азийн бүс нутагт хүмүүнлэгийн үйл ажиллагааг хүргэхэд Үндэсний нийгэмлэгүүдийн хамгийн том хүч бол эв нэгдэл, түншлэл, хүнлэг, энэрэнгүй үзлийн нийтлэг үнэт зүйл юм гэдэгтэй санал нэгдэж байгаагаа хэлсэн үгэндээ онцолж байна.
Энэхүү Удирдагчдын чуулган нь өнгөрсөн нэг жилийн ололт амжилтаа эргэн дүгнэж, цаашид шинээр гарч буй хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагад илүү нягт хамтран ажиллах боломжоо тодорхойлох, Залуучуудын манлайлал, хариуцлага, бүс нутгийн хамтын ажиллагаа, жендэр ба олон талт байдлыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Зүүн Азийн Удирдагчид хоёр өдрийн турш туршлагаа хуваалцаж, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ хэлэлцэх юм.
2026-07-20
2026-07-20
2026-07-20