2026-05-11

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр санхүүжүүлэгч байгууллагууд, хөгжлийн түншүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг оролцогч талууд хооронд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх, үндэсний түншлэлийг бэхжүүлэх зорилгоор энэхүү дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж байна.
“Цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” үндэсний түншлэлийг бэхжүүлэх дугуй ширээний уулзалтын нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаева, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож үг хэллээ.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий орны хувьд цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол зэрэг олон талт сорилтуудтай нүүр тулж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь зөвхөн байгаль орчинд төдийгүй нийгэм, эдийн засаг, ялангуяа орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Иймд эдгээр сорилтыг даван туулахад салбар дундын уялдаа, бодлогын нэгдмэл байдал, түншлэлийн үр ашигтай механизм нэн чухал байгааг дугуй ширээний уулзалтад оролцогчид онцолж байлаа.
Дугуй ширээний уулзалтын хүрээнд Монгол Улсад цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох хөтөлбөрүүдийн талаар ойлголт авах, туршлага солилцох, Цөлжилт, уур амьсгалын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулахад үндэсний болон орон нутгийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийг хэлэлцэх, олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд болон үндэсний хэрэгжүүлэгч байгууллагуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, цөлжилт, уур амьсгалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, чиглэл, механизмыг тодорхойлоход оршиж байгаа юм.
Монгол Улс дахь цөлжилт болон уур амьсгалын хөтөлбөрийн хэрэгжилт, Үндэсний болон орон нутгийн түвшний хэрэгжүүлэгчдийн үүрэг, Зохицуулалт болон дэмжлэг үзүүлэх механизм, Хамтын ажиллагааны боломжууд зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
2026-05-11
2026-05-11
2026-05-11