Финландын Улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулганд бусад Үндэсний нийгэмлэгийн төлөөлөн үг хэллээ

Нийтэлсэн өдөр: 2017.07.01, бямба

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хөтөлбөр хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал нар Финландын Улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулганд оролцож байна.

Энэ  онд Финланд улс тусгаар тогтносны 100 жилийн ой, Финландын Улаан загалмай нийгэмлэгийн 140 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр тэмдэглэлт үйл явдалтай давхцан  Финландын улаан загалмай нийгэмлэгийн 3 жил тутамд зохион байгуулдаг Үндэсний чуулган нь тохиож буй юм. Үндэсний чуулганаараа тэд Удирдах зөвлөлөө сонгож, Стратеги- 2020 болон дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж байна.  

Үндэсний чуулганд Финландын улаан загалмайн гишүүд, төлөөлөгчид, сайн дурын идэвхтнүүд оролцож төдийгүй хамтран ажилладаг бусад  Үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид  урилгаар оролцож буй юм.

Үндэсний чуулганы нээлт дээр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа түнш улаан загалмай нийгэмлэгүүдийн төлөөлж Монголын улаан загалмай нийгэмлэг болон Финландын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны амжилт ололт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн тэрбээр  Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрхзүйн байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагааны талаар танилцуулж,  туршлага хуваалцлаа.

 Монголын улаан загалмайн төлөөлөгчид Финландын Тампара хотод байрлах Логистикийн төв, агуулах, хуучин хувцасны дэлгүүрийн менежменттэй танилцах аялалд оролцов. Финландын Улаан загалмай нийгэмлэг  Монголын улаан загалмай нийгэмлэгт жил бүр тусламжийн хувцас илгээдэг. Тэрхүү хувцас хэрхэн  хандивлагдахаас эхлээд, хэрхэн ялган ангилагдаж, цэвэрлэгдээд Монгол руу явуулдаг  шат дамжлагтай нь танилцсан байна.