Увс аймаг 60 жилийн ойтойгоо хамтатган малчдын зөвлөгөөн хийв

Нийтэлсэн өдөр: 2016.12.14, лхагва

       Увс аймгийн Улаан загалмай хорооны 60 жилийн ой боллоо. Ойн баярын өмнөх өдөр 100 гаруй малчид оролцсон зөвлөгөөн болсон юм. Энэхүү зөвлөгөөнөөр МУЗН гамшгийн менежментийн хөтөлбөрийн үйл ажиллагаа болон зудад өртсөн малчдад хэрхэн тусалж, зудын дараахь хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус хөтөлбөрийн ажилтан Б.Мөнхтуул танилцууллаа.

       Мөн Увс аймгийн Улаан загалмай хорооны дарга Э.Дуламсүрэн гамшгийн нөхцөл байдал үүсэн үед хэрхэн ажиллаж байгаа мэдээллийг хүргэсэн.  Малчдыг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлтэд тулгуурлан ажлын туршлага солилцох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд энэхүү зөвлөлгөөний зорилго чиглэгдэж байгаа юм. Зөвлөгөөнд  Увс аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар оролцсон юм.

       Энэ үеэр аймгийн мал аж ахуйн өнөөгийн байдал, малд тэжээл бэлтгэх, тэжээх арга, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, малаас хүнд халдварладаг зооноз өвчний өнөөгийн байдал, сэргийлэх арга зам, малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудал зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Мөн малчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын зорилтоо тодорхойлж, зөвлөмж гаргав.

       Үүнээс гадна зөвлөлгөөнд оролцогчид арьс, шир, эсгий, гутлын үйлдвэрлэлийг орон нутагтаа явуулдаг “Дөрвөн булаг” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зарим сумдад өвөлжилт хүндэрч, цас ихээр орсон энэ үед малчдын туршлага судлах зөвлөлгөөнийг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар нухацтай ярилцаж байгаад малчид баяртай байна.

       Увс аймгийн Улаан загалмай хороо 60 жилийн ойн баяраа Бөхийн өргөөндөө нутгийн ард түмэнтэйгээ хамтран тэмдэглэлээ. Мянга гаруй суудалтай Бөхийн өргөө үзэгдчээр дүүрч баярын арга хэмжээ эхэлсэн. Тус аймгийн Улаан загалмай хорооны тэргүүн, ИТХ- ын дарга Э.Насанбат болон аймгийн зарим удирдлагууд болон Баян-Өлгийн аймгийн Улаан загалмай хорооны дарга Х.Ертай, тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга  А. Серкитбол  нар хүндэт зочид хүрэлцэн ирсэн.

Энэ үеэр Увс аймгийн Улаан загалмай хороо 10 гаруй Нигүүлсэнгүй үйлстнүүдээ тодруулж, Сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучууддаа баяр хүргэж, урамшуулсан юм.