Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөлж байна

Нийтэлсэн өдөр: 2016.09.24, бямба

       Наадмийн өдрүүдэд үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үер болж олон айл өрх нэрвэгдсэн билээ. Улсын онцгой комисс хуралдаж гамшигт өртсөн иргэдэд туслах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа бөгөөд гамшигт өртсөн иргэдэд туслах зорилгоор байгууллага, аж ахуй нэгжүүд тусламжийн гараа сунгасаар байна. Энэ аянд Монголын Улаан Загалмай нийгэмлэг үндсэн үүргийнхээ дагуу мөн оролцож байна. 

       Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс гамшиг болсон даруйд бүсийн төвийн нөөцөөс 60 ш хөнжил 60 ш гудас гаргасан бөгөөд өнөөдөр нэмж 100 ширхэг хөнжил 100 ширхэг гудас, 10 боодол хувцас, 100 ширхэг усны сав, 10 хайрцаг хлормин зэрэг тусламжийн барааг хүргүүлэхээр Улсын Онцгой комисс, Онцгой байдлын Ерөнхий газарт хүлээлгэж өглөө. Энэхүү тусламжийн цуваа нь өнөөдөр гарч Баян-Өлгий аймаг руу явах юм. 

Мөн гамшигт өртөж орон гэрээ алдсан иргэдэд Сод Монгол групп 21 гэрийг хандивласан байна. 

Энэхүү тусламжийн цувааг хүргэх тээврийн зардлыг Дэлхийн зөн олон улсын байгууллага хариуцаж байгаа аж.