Нийгмийн халамжийн хөтөлбөрийн үр өгөөжийг сайжруулахаар ярилцлаа

Нийтэлсэн өдөр: 2016.05.25, лхагва

       Британийн Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэй “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх” төсөл 2018 онд хүртэл хэрэгжих юм.  Тиймээс  нийгмийн халамжийн хөтөлбөрийн цаашдын зорилгыг тодорхойлж, тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахын тулд  Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт дэмжлэг болох зорилгоор Британийн Улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний нийгэмлэгийн хөгжил, хамтын ажиллагааны ахлах зөвлөх Шахина Бахар, Люси Моррис нартай хамтарсан сургалтыг  зохион байгууллаа.

       Сургалт МУЗН болон Британийн Улаан загалмай нийгэмлэгийн өөрчлөлт шинэчлэлтээс эхэлсэн юм.  Төслийн хэрэгжилтэд хийсэн хяналт үнэлгээг дүгнэж, санал зөвлөмж өгөхөөс гадна,  Британи, Финланд УЗН-ийн нийгмийн халамжийн төсөл хэрэгжиж байсан Дунд шатны хороодын туршлагыг судалж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон байна.  

Мөн цаашид хөтөлбөрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд МУЗН-ээс хүлээх хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ярилцаж, нарийвчилсан төлөвлөгөөнд тусгахаар боллоо.

       Нийгмийн халамжийн хөтөлбөр амжилттай хэрэгжихэд учирч болзошгүй эрсдэлийн талаар хэлэлцэх зэрэг  төслийг үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хоёр талаас хамтран ажиллах бололцоо бүрийг нягтлан хэлэлцсэн нь энэ удаагийн сургалтын чухал үр дүн байв.  Төслийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ Үндэсний хоёр нийгэмлэгийн хөгжлийн асуудал ч энэ үеэр хөндөгдсөн юм. Сургалтад төсөл хэрэгжсэн болон хэрэгжиж буй  нийслэлийн Налайх, Багануур, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын Улаан загалмай хорооныхон оролцсон байна.