Монгол Улс дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэлэлцэв

Нийтэлсэн өдөр: 2016.05.09, даваа

Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг угтаж, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг , Гамшиг судлалын хүрээлэн хамтран  “Монгол Улс дахь Хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Онол практикийн бага хурлыг нээж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэллээ.

Тэд хэлсэн үгэндээ, Хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар нэгдсэн зохион байгуулалт, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гамшиг ослоос ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхэд голлох үйл ажиллагааг дээрх байгууллагууд зохион байгуулахын ач холбогдол, үр нөлөөг илэрхийллээ.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын нэг хэсэг бол хууль. Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулага дахь хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтын талаар ОБЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баянмөнх танилцуулсан юм.

2013 онд Гамшгаас хамгаалах хуулийн баталснаас хойш 3 удаа шинэчилжээ. Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж гэсэн заалтыг  энэхүү хуульд тусгах шаардлага зүй ёсоор гарч, нэмж оруулсан байна. Эдүгээ хууль 6 бүлэг 25 зүйл байсныг 10 бүлэг 50 зүйлтэй болгож,  50 хувь шинэчлэгдсэн байна.  Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, Гамшгийн дараахь нөхөн сэргээлт, хүмүүнлэгийн тусламж  гэсэн 4 зүйл шинээр нэмэгджээ.

Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үед  гаалийн бүрдүүлэлт, албан татвараас чөлөөлөгдөхөөр заажээ.  Мөн  Хүмүүнлэгийн тусламжийг бүртгэх журамд  НӨАТ, байгууллагын албан татвараас чөлөөлөхөөр заасан байна. Тэрчлэн хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, хадгалах хуваарилах заалт оржээ.  Хуульд хүмүүнлэгийн тусламжийг ямар шалгуур үзүүлэлтээр хэнд өгөх, хэн хуваарилах, стандарт ямар байх зэрэг зүйлсийг нэмж тусгах шаардлагатай байгааг тэрбээр онцолж байв.

Бага хурлын үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах үед ажиллах Сайн дурын идэвхтнийг хөгжүүлэх шаардлага байгааг ярилцаж байв. Өөрөөр хэлбэл, сайн дурын идэвхтний эрх зүйн орчинг сайжруулахын тулд хуулийг боловсруулж байгаа талаар МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн. Мөн тэрбээр 2016 онд МУЗН хэдэн аймагт, хичээн өрх гэрт хүрч тусламж хүргэсэн талаар мэдээлэл өглөө.

Түүний дараа   НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж, бүтэц,  МАА-н салбарын зудын эрсдэл, хүмүүнлэгийн тусламж, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Энхийг сахиулагчдын хүмүүнлэгийн тусламж, туршлага, Гамшгийн эрсдэл ба хүмүүнлэгийн үйл ажиллагаа  гэсэн илтгэлүүдийг холбогдох албаны хүмүүс тавьсан байна.

Эцэст нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус олон улсын байгууллагууд нэгдсэн нэр томъёотой болох, эрсдэлийг үнэлэх нэгдсэн аргачлалтай болохын чухлыг бага хуралд оролцогсод хэлж байв.

Зэвсэгт хүчин бол хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох бааз суурьтай, зохион байгуулалтай том газар. Гэвч иргэний хамгаалалт буюу хүмүүнлэгийн тусламжийн нөхцөлд хэрхэн ажиллах тухай тодорхой дүрэм журмыг боловсруулах хэрэгтэй гэж байв.

Бас нэгэн санал нь өнөө жилийн зудын тусламж зарим аймаг, сумдад оройтсон. Яагаад гэвэл төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээлэл солилцох, хамтран үйл ажиллагаа дутмаг байлаа.

Тиймээс Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагааны зохион байгуулалт чухал, үүнийг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагааг эхлүүлэх анхны яриа хэлэлцээр, үнэлэлт дүгнэлттэй хурал боллоо.