Дэлхийн усны өдөр

Нийтэлсэн өдөр: 2016.03.22, мягмар

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Манай улс энэ өдрийг 2005 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. Энэ онд Усны өдрийг “Сайн ус- Сайн ажлын байр” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

     Монголын Улаан загалмай нийгэмлэг Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Залуучуудын Улаан загалмай  хөдөлгөөнөөс төсөл хэрэгжиж буй нийслэлийн  Налайх дүүрэг, Баянзүрх дүүргийн сургуулиудын  450 багш, сурагчдыг хамарсан үйл ажиллагааг  Жанжин клубын концертын танхимд зохион байгууллаа.

     “Хөдөөгийн сургуулиуд болон олон нийтийн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйг сайжруулах нь“ төслийн хүрээнд сургуулийн сурагчдын  эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа усыг хайрлан хамгаалах,усны үнэ цэнийг ойлгуулах, бохир уснаас шалтгаалсан халдварт өвчлөлүүд гардаг талаарх ойлголтыг урлагийн тоглолт болон өртөө хэлбэрээр зохион байгуулж олны хүртээл болгож сурагчид төдийгүй, багш, сургуулийн удирдлагуудад тус өдрийн ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготой.

Өнөөдөр дэлхийн ажлын байрны тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг, өөрөөр хэлбэл бараг бүх ажлын байранд ус хэрэглэж, тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Гэтэл тэдгээр устай холбоотой ажил эрхэлдэг сая сая хүмүүсийг огт анзаардаггүй буюу тэдний хөдөлмөрлөх үндсэн эрх зөрчигдсөөр л байна. Энэ жилийн урианы гол санаа нь чанартай, хүрэлцээтэй усан хангамж нь хэрхэн тэрхүү ажиллагсдын амьдрал, амьжиргааг өөрчилж улмаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд ч эерэгээр нөлөөлөхийг ойлгох ёстой юм.

Эдүгээ Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна.

Гэтэл энэ салбарт ажиллагсдын дундаж цалин улсын дунджаас доогуур буюу 480 мянган төгрөг байна. Тиймээс усны үйлчилгээний салбарт ажиллагсдын нийгэм, ахуйн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлууд тавигдаж байна. Зохицуулах зөвлөл байгуулагдсан цагаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран ажиллаж шат дараатайгаар ажлын байрны нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дунджид ойртуулах талаар дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Үүний үр дүнд ч хэрэглэгчдэд хүрэх усны үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсээр байна.

Устай холбоотой тоо баримтууд:

- Өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно.

- Өнгөрөгч онд улсын хэмжээнд гол мөрөн, булаг шандыг тооллогод хамруулахад 6700 гол, 3600 нуур, 10 мянга шахам булаг хамрагдсан байна. Үүнээс 586 гол ширгэж, 480 булаг, 1522 булаг хатаж үгүй болсон харамсалтай тоо     баримт     гарчээ. Эдгээр ширгэж, хатсан гол, нууруудын 60-70 хувь нь дахиж хэзээ ч сэргэхгүй гэсэн тооцоо бий.

- Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ.

- Дэлхий дээр ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.

- Жил бүр ойролцоогоор 4 сая хүн уснаас шалтгаалсан өвчнөөр нас барж байна.

- Усны хангамж дутмагаас 2.6 тэрбум хүн бохир орчинд амьдарч байна.

- Гараа угаах нь гэдэсний халдварт өвчин тусах магадлалыг 35 хувиар бууруулдаг.

- Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа               крантаа       хааж бай.

- Өндөг  чанасан усаараа цэцгээ  усалж  бай. Өндөгний  хальсны минералууд  цэцгэнд сайн нөлөөтэй.

- Уснаас үүдэлтэй өвчин гарсны улмаас жил бүр 443 сая хичээлийн өдөр завсарддаг.

- Африкт жил бүр гэдэсний халдварт өвчнөөр нас барж буй хүний тоо дайнд амь алдаж буй хүмүүсийн тооноос 5-аас 10 дахин их байдаг.