Дэлхийн анхны тусламжийн төвийн сургагч багшийн сургагчийг бэлтгэх сургалт болов

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

      Олон улсын Улаан загалмайн холбооны харъяа Дэлхийн анхны тусламжийн  төвийн батламжлагдсан  олон улсын анхны тусламжийн мастер багшаар МУЗН-ийн ажилтан Б.Даваажаргал бэлтгэгдсэн.  Тэрбээр уг төвийн шинээр боловсруулж байгаа анхны тусламжийн сургалтыг явуулах  аргачлал хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн арван гишүүний нэгээр  сонгогдон ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн арван  гишүүд хоёр хоёроор  таван багт хуваагдан Ази, Африк, Европ, Латин Америк болон Ойрхи Дорнодоос  сонгогдсон  Аргентин, Уганда, Монгол, Болгар, Ирак зэрэг  улсад шинэ хөтөлбөрийн дагуу тус бүр нийт 12 сургагч багшийг туршилтаар сургаж бэлтгэж байна.

      Энэхүү туршилтын сургалт хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын  4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Сургалтын багшаар олон улсын анхны тусламжийн мастер багш нар болох Ливаны УЗН-ийн сургалтын менежер Диана Крикориан, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Даваажаргал нар ажиллалаа. Сургалтад нийслэл болон Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг аймгаас нийт 13 хүн оролцлоо.

Сургалтыг Дэлхийн анхны тусламжийн  төвийн сургагч багшийн сургагчийг бэлтгэх хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан. Хөтөлбөрт сургагчийн сургагч багшийн үүрэг, заах арга барил, насанд хүрэгчдийг сургах, дэмжлэгтэй суралцах, сургалтыг зохицуулах, сургалтад зөвлөх үүрэг гүйцэтгэх, маргааныг шийдвэрлэх, анхны тусламжийн сургагчийн хөгжлийн сургалтыг зохион байгуулах гэх мэт сэдвийг заасан. Хичээлийн явцад оролцогч тус бүр хоёр сэдвийг бусад оролцогчид болон багш нартаа зааж санал зөвлөлгөөг нь авч дүгнэлт хийн ажиллаа. Энэхүү сургалтыг  оролцогчид тус бүр маань амжилттай давсан бөгөөд засах, сайжруулах шаардлагатай зүйлийг багш нар тусгайчлан уулзах үедээ хэлж зөвлөсөн.  Сургалтын явцад сурсан зүйлээ ашиглан хичээл заан туршлага эзэмших үйл ажиллагаанд оролцогчид оролцсны дараа тэнцсэн хүмүүс дэлхийн анхны тусламжийн  төвийн батламжлагдсан   анхны тусламжийн сургагч багшийн эрхийг авах юм. Б.Даваажаргалын хувьд Ирак улсад сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.