Дурсгалын цогцолбор тохижуулах төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс -Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Японы элчин сайдын яаманд боллоо.

Эдгээр төслүүдээс  нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 17 дугаар  хорооны “Байгаль хамгаалах цэцэрлэгийг тохижуулах, өргөтгөх төсөл”-ийг МУЗН хэрэгжүүлэх юм. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нөгөө талаас  Япон улсын Хэргийг түр хамаарагч Минорү Кикүчи  нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт буй дурсгалын цогцолборийг тохижуулж,  эрүүл аюулгүй амьдралыг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулах боломжийг энд бүрдүүлэх юм.

 Мөн  энэ үеэр  “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төсөл “Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмнэлэгийн зориулалттай ор болон хуучин тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”, “Төв аймгийн Баянхангай сумын сургуулийн засварын төслийн гэрээнүүдийг хэрэгжүүлэгч холбогдох байгууллагын албан тушаалнууд гарын үсэг зурлаа.

 “Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж” нь хөгжиж буй орон болон бүс нутагт Японы Төрийн бус байгууллагуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үзүүлдэг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж юм.

Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн Монгол Улсад “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн олон нийтийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлж энгийн ард иргэдэд шууд үр ашгаа хүртээдэг төслийг Япон улсын Элчин сайдын яам хүлээн авч санхүүгийн тусламж үзүүлдэг тогтолцоо юм.