Зудын байдалд буй аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

      Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо,  Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн амьтныг хамгаалах байгууллагууд хамтран Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны  гамшгийн үеийн яаралтай тусламжийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл гэсэн 8 аймгийн зудтай 75 сумын нийт 1800 өрхөд 300 орчим сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө болон хүнсний тусламжийн хүргэх цуваа өнөөдөр хөдөллөө. Нийт хүнсний тусламж 70 орчим тонн болж байгаа ба 8 ачааны машин дээрх аймгуудад хүрэх юм. 

 

 

Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв аймагт тус бүр 240 малчин өрх буюу нийт 1200 өрх тус бүрт сарын хүнсний багц, 64000 төгрөгийн тусламж, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нийт 600 өрхийн 300 өрх тус бүрт нэг  сарын хүнсний тусламж, үлдсэн 300 өрхөд 192.000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ. 

Тусламжийг тээвэрлэхэд Дэлхийн амьтдыг хамгаалах байгууллага 3000 USD буюу 6 сая гаруй төгрөгийн тусламжийг хандивлаж мөн малын өвөлжөөний дулаалгын хучлагыг малчдад хүргүүлж байна.

Хүнсний тусламжийн 1 багцад 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн орж байгаа ба Үүнд:

- 25 кг гурил

- 10 кг цагаан будаа

- 2 кг элсэн чихэр

- 1 л ургамалын тос

- 0.5 гр давс

- 1.5 кг цай багтаж байна. Уг багц нь дунджаар 4-5 ам бүлтэй 1 өрхийн 1 сарын хүнсний багц болдог.

      Бэлэн мөнгийг ХААН банкны аймаг, сумдын салбараар зуданд нэрвэгдсэн болон нэрвэгдэж болзошгүй малчин иргэдийн гарт МУЗН-ийн эмзэг өрхийн шаардлагын дагуу сонгож бүртгэсний дагуу тараана.

Тусламжид хамрагдах малчин өрх нь:

- 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;

- 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;

- 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд ОУУЗУХСНХолбооны санал болгосноор өрхийн малын тоо 200 буюу түүнээс бага малчин өрхүүд багтаж байна.