Австралийн Улаан загалмай нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахаар боллоо

Нийтэлсэн өдөр: 2015.12.24, пүрэв

     

Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн Ази номхон далайн бүсийн зохицуулагч Скот Тинд Симмон, Хойд болон Өмнөд Азийн хөтөлбөрийн удирдагч Алекс Грүнвалд нар МУЗН-д айлчиллаа. Тэд хөтөлбөр тус бүрийн үйл ажиллагаа болон Дунд шатны зарим хороотой биечлэн явж танилцсан юм. Өөрөөр хэлбэл, тэд  Австрали болон МУЗН-ийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтран ажиллах боломжуудыг судлах зорилгоор ирсэн. Тэд 10 хоног ажиллах хугацаандаа Дархан-Уул, нийслэлийн Налайх дүүргийн Улаан загалмай хороодын үйл ажиллагаатай танилцсан байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Улаан загалмай хорооны бүсийн төвийн агуулах, халамжийн өргөөтэй танилцаж, Сайн дурын идэвхтнүүд, халамжлуулагчтай уулзаж, ярилцлаа.

 

     Эдгээр уулзалтуудын үр дүнд  Австралийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран шинэ төслүүдийг хэрэгжүүлэх саналуудыг харилцан гаргав. Ирэх онд төслийн саналаа харилцан ярилцаж, нэн даруй хэрэгжүүлэхэд хаана хаана хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэж үзсэн юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл 2015 оны 10 сараас 2016 оны 6 сар хүртэл хэрэгжих төлөвлөгөөтэй. Гэтэл төсөл тодорхой шалтгааны улмаас хоёр сараар хожимдож эхэлж буй ч төлөвлөгөөт үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа. Харин 7 дугаар сараас үргэлжлэх  дараагийн шатны төслийн саналыг 2016 оны 3 дугаар сараас бэлтгэж эхлэхээр болов. Төлөөлөгчид  Налайх дүүргийн Улаан загалмай хороодтой танилцснаас гадна Налайхын нүүрсний уурхайг үзэж сонирхлоо. Тэнд хууль бусаар ажилладаг “нинжа” нар  эрүүл мэндийн хувьд ихээхэн хохирдог. Хэдийгээр хууль бусаар ажиллаж буй хэдий ч хүмүүнлэгийн үүднээс тэдний эрүүл мэндийг анхаарах нь Улаан загалмайн үүрэг юм. Тиймээс Австралийн Гадаад хэргийн яамны БНСУ дахь төлөөлөгчийн газраас санхүүжүүлэн тэдний эрүүл мэндийг хамгаалах тухай асуудал яригдаж байгаа юм. Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид Налайхын нүүрсний уурхай дээр очиж байдлыг газар дээр харлаа. Тиймээс хоёр улсын Улаан загалмай нийгэмлэгүүд  тэдний эрүүл мэндийн хамгаалахад хамтран ажиллах асуудлыг  ажил хэрэг болгох суурь буй болов. Мөн ус, эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх талд Австралийн Улаан загалмай нийгэмлэг төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байна.  Ямар ч атгуай Австралийн Улаан загалмай нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...