Олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг тайван улс оронд идэвхжүүлэх хэрэгтэй

Нийтэлсэн өдөр: 2015.12.22, мягмар

Олон улсын Улаан загалмай хорооны БНСУ-ын Сөүл хот дахь суурин  төлөөлөгч Жани Волпинтой ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монгол Улсад ямар зорилгоор ирсэн бэ?

- Олон улсын Улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Петр Маурер ирэх онд Монгол Улсад айлчилна. Энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгавар надад ногдсон. Тэгээд айчлалын бэлтгэл ажлыг хангах зорилгоор ирээд байна. Мөн МУЗН-д ажиллаж байна.  Олон улсын Улаан загалмай хороо, МУЗН,  Монгол Улсын Засгийн  газар хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар ярилцлага, уулзалтуудыг хийлээ.  

-Олон улсын Улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд төр засгийн удирдлагуудтай ямар асуудлыг ярилцсан бэ?

-Хурал болох газрыг сонгохын тулд холбогдох байгууллагуудтай уулзах, уулзалтын сэдвийг ярилцах, ерөнхийлөгч Маурертэй уулзах хүмүүсийн нэрсийг гаргах зэрэг ажлыг хийж байна. Ерөнхийлөгч Маурерийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон холбогдох яамдын сайд нартай уулзах нь одоогоор тодорхой болсон байгаа. Мөн хүмүүнлэгийн салбарын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар оюутнууд болон багш нарт илтгэл тавихаар төлөвлөсөн. Ерөнхийлөгч Маурер гадаад айлчлал байнга хийдэг. Ер нь ажлын олон жилийн туршлагатай хүн. Мөргөлдөөн, зөрчилдөөн болж буй газар очиж, тухайн улс орны төрийн тэргүүнүүдтэй уулзах гэх мэт ажлыг хийдэг.

-Ерөнхийлөгч Маурерийн айлчлалд бараг шахуу  жилийн өмнөөс бэлтгэж байгаа нь ямар чухал болохыг илтгэж байна. Энэхүү айлчлалын зорилго, ач холбогдлыг тодорхойлбол?

-Ерөнхийлөгч Маурер Монгол Улсад өндөр ач холбогдол өгч, анхаарал хандуулж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой гадны чуулга уулзалт дээр хэд хэдэн удаа богино хугацаанд уулзаж байсан. Монгол улс Зүүн Азийн бүсийн олон оронтой найрсаг харилцаатай байдаг. Бусад улс оронтой найрсаг харилцаатай байна гэдэг чухал үзүүлэлт.

-Олон улсын Улаан загалмай хороо ихэвчлэн дайн самуунтай хурцадмал улс оронд анхаарал хандуулан ажилладаг. Эдгээр улстай харьцуулахад манай улс маш тайван орон. Тэгэхээр манай улс болон Олон улсын Улаан загалмай хорооны харилцаа хамтын ажиллагаа юунд чиглэгдэж байна вэ?

-Мөргөлдөөн, зөрчил тэмцэл байхгүй байна гэдэг сайн зүйл. Бид олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бусад салбартай нэгтгэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа. Олон улсын Улаан загалмай хороо бидэнд олгогдсон эрх, бидний хариуцдаг үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг тайван улс оронд идэвхжүүлж байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр монголд олон улсын хүмүүнлэгийн эрхзүйн мэдээллийг түгээх, сурталчилах ажлыг Засгийн газрын түвшинд яам, тамгын газрыг оролцуулж, цагдаа, шүүх, иргэний нийгмийн байгууллагууд, их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулан зохион байгуулна.

-Хүмүүнлэгийн эрхзүй их, дээд сургуулийн хичээлийн программд байдаг. Гэхдээ хорооны зүгээс хүмүүнлэгийн эрхзүй гэдэг ойлголтыг хамгийн хялбараар юу гэж тайлбарлах вэ?

-Монгол улс энхийг сахиулах олон улсын ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ нь олон улсын хүмүүнлэгийн эрхзүйтэй холбогдоно. Үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд, албан хаагчид явахаасаа өмнө олон улсын хүмүүнлэгийн эрхзүйн талаарх тодорхой мэдлэгтэй болсон байх шаардлагатай. Яагаад гэхээр, олон улсын эрхзүй гэдэг зэвсэгт мөргөлдөөний үед хамаардаг хууль юм. Энхийг сахиулахын тулд тодорхой хэмжээний зэвсэг хэрэглэх шаардлага үүснэ. Тэгэхээр үүнд бэлтгэлтэй байх үүднээс урьдчилж мэдсэн байхыг хэлж байгаа юм. Зөвхөн цэрэг, арми төдийгүй цагдаагийн байгууллагаас энхийг сахиулах үйлст татан оролцуулахад тэд олон улсын эрхзүйн талаарх мэдлэг, мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай юм.

-Олон улсын Улаан загалмай хороо үйл ажиллагаандаа өөрчлөлт шинэчлэлтийг хэрхэн хийж байна вэ. Ер нь ямар бодлого чиглэл барьж ажиллаж байгааг сонирхуулж болох уу?

-Олон улсын Улаан загалмай хороо байнга өөрчлөлт шинэчлэлт хийдэг. Бидний баримталдаг гол зарчим бол зэвсэгт мөргөлдөөний үеэр ард иргэдэд төвийг сахисан байр сууринаас туслах, ингэхдээ ямар нэг улс төр, шашны яриа хэлэлцээрт оролцохгүй. Мөн төрийн төрийн бус олон улсын гээд ямар нэг байгууллагаас хамааралгүй үйл ажиллагаа явуулж, шударгаар хэн нэгнийг ялгаварлалгүй харилцах зарчмийн дагуу ажилладаг. Улаан загалмай Щвейцарт үүссэн байгууллага учраас 1990-ээд он хүртэл гаднын хүн ажиллуулдаггүй байсан. Харин 1990 оноос хойш олон улсаас ажилтан авдаг болсон. Энэ нь уг байгууллагад гарсан томоохон өөрчлөлтүүдийн нэг.

-МУЗН өөрийн гэсэн хуультай болохоор ажиллаж байгаа та мэднэ. Энэ хуулиас хамгийн онцлох зүйл нь юу байсан бэ?

-Олон улсын Улаан загалмай хороо үндэсний нийгэмлэг бүрийг Улаан загалмайн хуультай болохыг дэмждэг. Хамгийн гол тухайн улсад Улаан загалмай байгууллага ганц л байна. Тэр нь нэг эмблемтэй байх ёстой юм. Тэрхүү эмблем нь хуулиар баталгаажиж, гадны байгууллага, хувь хүн зохисгүй байдлаар ашиглахыг хориглосон зохицуулалттай байдаг.

-Та хүмүүнлэгийн байгууллагад ажиллахдаа олж авсан ажлын туршлагаасаа хуваалцвал?

-Косовод болсон нэгэн халдлагын үеэр тухайн бүс нутгийн иргэд дүрвэсэн байсан юм. Харин тосгоны гүн рүү ороход гал нээж, бөмбөг байршуулсан байсан нь үнэхээр аюултай санагдаж байлаа. Мөн нэг удаа зэвсэгтэй этгээдүүд Олон улсын улаан загалмай хорооны ажилчдыг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн. Аз болоход, тухайн үед учир явдлыг тайлбарлах боломж олдож, хүнд байдлаас гарч байсан энэ мэт эрсдэлтэй мөн ажлын туршлага болохуйц зүйл бидэнд цөөнгүй тохиолдож байлаа.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..