УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд Зүүн азийн Улаан загалмай үндэсний нийгэмлэгүүдийн удирдлагуудтай уулзлаа

Нийтэлсэн өдөр: 2015.06.26, баасан

Энэ өдрүүдэд /6 сарын 22-25/  Зүүн азийн орнуудын Улаан загалмай үндэсний нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалт Улаанбаатар хотноо эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад оролцох удирдагчид нэн тэргүүнд УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нартай хамтын ажиллагааны уулзалтуудыг хийж байна.

Олон Улсын Улаан загалмай хорооны Бээжин дэх суурин төлөөлөгч Пьер Райтер, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч хатагтай Сао Линна, БНАСАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Пак Ён Хо нарын тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.

УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч  Н.Энхболд уулзалтын эхэнд ноён Пьер Райтерыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын Улаан загалмайн хорооны Ерөнхийлөгчтэй Швейцар Улсын Давос хотноо уулзсан. Энэхүү уулзалтын үр дүнд, Монгол Улс болон ОУУЗХ-ны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мөн 2016 онд ОУУЗХ-ны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр илүү тодорхой болгохоор тохиролцсон талаар танилцуулав. Мөн тэрээр 1990 оноос хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг нь хууль ёсны үүргээ биелүүлэхийн тулд Олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг сурталчлан таниулах, үүнд боловсрол болон төр засгийн хамтын ажиллагааг дэмжих үндэсний хөтөлбөр дээр голлон ажиллаж ирсэн болохыг дуулгаад Олон улсын хүмүүнлэгийн эрхзүйд заасан “Хүмүүнлэгийн эрхзүйг судлах” болон “Гэр бүлийн холбоог сэргээх” байсныг онцолсон юм.

Түүнчлэн МУЗН  нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах зорилгоор Засгийн газрын 14 яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн "Үндэсний хороо"-г 2009 онд байгуулсан. Энэхүү хороо нь “Хүмүүнлэгийн эрхзүйг судлах” хяналт-шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, мөн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах ажлыг Олон улсын Улаан загалмай хорооны бүс нутгийн газартай нягт хамтран ажиллахаар зорьж байгаа гэлээ.

Дээрх хоёр үйл ажиллагаанаас гадна МУЗН  нь 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөндөө тусгасан нэгэн ажил бол Олон улсын Улаан загалмайн хороотой бусад өөр салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм. Үүнд, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон улаан загалмайн хөдөлгөөний үндсэн зарчмуудыг сурталчлан таниулах, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Гамшгийн менежментийн хөтөлбөр, Халамжийн хөтөлбөр багтаж байгаа гэдгийг дуулгав 

Түүний дараа   БНХАУ болон БНАСАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч хатагтай Сао Линна Монголын эрхэм Ерөнхийлөгчийг  Н.Энхболдыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч хатагтай Жиан Иман тэргүүтэй төлөөлөгчид 2004 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, МУЗН-ийн анхан болон дунд шатны үйл ажиллагаатай танилцсан талаар болоод урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны Үндэсний нийгэмлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ алхмыг нээсэн талаар дурдав.

Мөн тэрээр, хоёр орны Улаан загалмай нийгэмлэгийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, улмаар УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболдыг ирэх 8,9 дүгээр сард Хятадад зохион байгуулагдах дээд болон дунд шатны семинарт оролцохыг урилаа.

УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд ирэх намар зохиогдох энэхүү арга хэмжээг онцгойлж буйгаа илэрхийлээд, МУЗН-ийн  Эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталж, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн боловч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон талаар танилцуулж, удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж өргөн мэдүүлнэ гэдгийг дуулгасан юм. 

Энэхүү уулзалтын дараа УИХ-ын гишүүн, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд БНАСАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Пак Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр, БНАСАУ-ын Улаан загалмай нийгэмлэг МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний хөгжил, гадаад харилцаа хамтын ажиллагаанд нэн чухал үүрэгтэй оролцож ирснийг онцолж, 1993 оноос манай хоёр орны залуучуудын Улаан загалмайн гишүүд “Нийгмийн халамж, үйлчилгээ” уриан дор харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үндэснийхээ зан заншлаас суралцах зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. 

Мөн БНАСАУ-д болсон “Улаан загалмайн олон улсын энхтайвны зуслан цугларалт”, “Залуучуудын Улаан загалмай хөдөлгөөн” үүссэний 55 жилийн ой, “Нэг дэлхий нэг мөрөөдөл” зуслан цугларалтад монголын хүүхэд залуучууд амжилттай оролцсон бол манай оронд зохиогдсон “Нүүдэлчдийн замаар”, “Андаа санасан найзууд”, “Бид ирээдүйн удирдагчид”, “Тусч багш нар” нийгмийн халамжийн хөтөлбөр зэрэг үйл ажиллагаанд солонгосын залуучууд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгааг хэлсэн юм. 

Талууд цаашид хоёр орны өсвөрийн болон Залуучуудын Улаан загалмайн гишүүдийн солилцооны хөтөлбөрмйг хамтран хэрэгжүүлэх, гамшиг ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.