Н.Энхболд: Хууль батлагдвал иргэдтэйгээ хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажиллах боломж нэмэгдэнэ

Нийтэлсэн өдөр: 2015.06.16, мягмар

МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.  Энэ тухай МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.

- Энэхүү хуулийг шинэчлэн найруулах, өөрчлөх  үндэслэл юу байв?

 

  • МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталсан юм. Хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгтэй болсон. Нөгөө талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний дүрэм, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Үндсэн хуульд нийцүүлэн Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн загвар хуулийг Олон улсын Улаан загалмайн Холбоо, Хорооны дүрмийн хамтарсан Хорооноос боловсруулж, улс орнуудын Парламент, Засгийн газарт хандан санал болгож байна.

Үүний дагуу Улаан загалмай үндэсний нийгэмлэгийн статусыг шинэчилж, төрдөө хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж, туслах үүрэг хүлээж ажилладаг, үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг хуульчлан баталгаажуулах шаардлагатай учраас хуулийг шинэчлэн найруулж, өөрчлөлт оруулж байна.

 

-Хуулийг шинэчлэн боловсруулахын тулд Ажлын хэсэг  хэрхэн ажилласан бэ?

- Хуулийн төслийг боловсруулахад Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Ажлын хэсэг гурван жилийн дотор гурван ч удаа ирж ажиллалаа. Тэд  МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газарт болон хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт техник туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Мөн хуулийн төслийн талаар  МУЗН-ийн гишүүд дэмжигчдийн дунд хэд хэдэн удаа хэлэлцүүлэг явуулсны зэрэгцээ 2014 оны 2 дугаар сард болсон МУЗН-ийн Үндэсний чуулганд танилцуулж, төлөөлөгчдийн саналыг авсан.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-д хоёр ч удаагийн  хэлэлцүүлгийг  зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт МУЗН-ийн  УИХ дахь “Парламентын нөхөд” бүлгийнхэн идэвхтэй оролцож,  төслийг боловсруулахад хамтран ажилласан.

 

“Парламентын нөхөд” бүлэгт УИХ-ын хэчнээн гишүүн хамтран ажилладаг вэ?

- Төрийн түшээ хүн олон нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө ажиллахаар итгэл хүлээсэн хүмүүс. МУЗН ч мөн ялгаагүй ард иргэдийнхээ амар тайван, сайн сайхан амьдралын төлөө ажиллаж буй хүмүүнлэгийн байгууллага юм. Энэ утгаараа төрийн түшээ, хүмүүнлэгийн байгууллагын зорилго чиглэл нэгэн зүгт явдаг. Тиймээс МУЗН УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллахад ямар ч бэрхшээл байхгүй. МУЗН-ийн хуулийг шинэчлэх, сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжихэд төрийн түшээд идэвхтэй оролцож байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын явцад Улаан загалмайг дэмжих “Парламентын нөхөд” бүлэг бий боллоо. Одоогоор 19 гишүүн нэгдээд байна.

Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай  хууль бий. Энэхүү хуулийн дагуу МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай   хуулийн төсөлд Засгийн газрын  санал авахаар энэ оны  зургаадугаар сарын 11-ний өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  хүргүүлсэн. 

 

Хуулийн гол өөрчлөлт юу байна?

- Хүмүүнлэгийн үйлсийн чиглэлээр Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу МУЗН-ийн онцлогийг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэхийг нэн тэргүүнд чухалчилсан. Мөн  МУЗН-ийн статусыг төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага болох тухай тодорхой заалаа. Бас нэгэн чухал өөрчлөлт бол МУЗН-ээс төрийн өмнө үүрэг хүлээж, хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө тусалж, нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг тодотгож өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, төртэй хамтран  эрх зүйн зохицуулалтын дагуу хамтран ажиллахаар хуульчилсан. Түүнээс гадна хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үндсэн зорилгын хүрээнд нь МУЗН-ийн хэрэгжүүлэх чиг үүргийг Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн өөрчилсөн байгаа.

 

МУЗН төрд нэмэлт хүч болохыг хуульчлах нөхцөлд төрөөс санхүүжилтийн ямар дэмжлэг авах вэ?

-    МУЗН нь монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллага.  Бидэнд 6000 гаруй бэлтгэгдсэн Сайн дурын ажилтнууд байна. Тэдний нэг хэсэг нь гамшиг, нөгөө хэсэг нь эрүүл мэнд, анхны тусламж, бас нэг хэсэг нь нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх талаар мэргэшсэн. Аль Дунд шатны хороонд аль чиглэлээр мэргэшсэн Сайн дурын идэвхтнүүдтэй гэсэн нөөцийн менежментийн судалгаатай. Тиймээс аливаа гамшиг осол тохиолдоход мэргэшсэн идэвхтнүүдээ богино хугацаанд цуглуулж, тусламж үзүүлэх бүрэн боломжтой юм. Тиймээс МУЗН төрдөө нэмэлт хүч болон ажиллахад тодорхой хэмжээний санхүүжилт авч байж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эзэндээ бодитоор хүрнэ.  МУЗН нь дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив, тусламж, гишүүний татвар, хандив, бусад орлогоос  гадна төртэй хамтран ажилласнаар Монгол Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн дэмжлэгийг авах боломж бүрдэж байна.

 

Хуулийн төсөл батлагдвал хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ямар ахиц өөрчлөлт гарна гэж харж байна вэ?

-Өнөөдөр хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулах сайхан сэтгэлтэй хүмүүс олон болжээ. Аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бусдын сайн сайхны төлөө сэтгэлээ гаргаж байна. Харин энэ бүхэнд дэмжлэг хэрэгтэй байна. Ямар нэгэн хүмүүнлэгийн үйлс бүтээх сэтгэл байвч хандах газар, хамтран хэрэгжүүлэх арга замаа мэдэхгүй хүмүүс бий. Тиймээс МУЗН үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, иргэдтэйгээ хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажиллах боломж хүрээ тэлнэ.  

 Хуулийн төсөл батлагдвал МУЗН-ийн байгуулагдах болон хийж гүйцэтгэх үйл ажиллагааных нь онцлог тодорхой болох төдийгүй олон улсын гэрээ, конвенцээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг биелүүлэх эрх зүйн орчин нөхцөл бүрдэх юм. Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газар, Үндэсний улаан загалмай нийгэмлэг нь хамтдаа иргэнийхээ сайн сайхны төлөө харилцан үүрэг биелүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн үзэл санаа, зорилго биеллээ олоход ихээхэн ач холбогдолтой.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..