Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг томилов

Нийтэлсэн өдөр: 2015.02.26, пүрэв

 

     МУЗН-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал хоёрдугаар сарын 9-ны өдөр болсон юм. Энэхүү хурлаар Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, шинээр гишүүдийг томиллоо. МУЗН ба төрийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газрын төлөөлөл болох  Боловсрол, Эрүүл мэнд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Батлан хамгаалах, Байгаль орчин, Онцгой байдал, Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн яам, агентлагийн удирдах ажилтан, мэргэжлийн хүмүүсээс Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг томилодог.

МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зарим яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд өөрчлөгдсөн учраас тухайн албан тушаалд томилогдсон хүмүүсийг шинээр томилсон байна. Тухайлбал, Онцгой  байдлын ерөнхий газрын дарга асан Т.Дуламдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ургамалцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга асан Б.Мишээл нарыг  чөлөөллөө.

  Эдгээр хүмүүсийн оронд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Эрүүл мэндийн яамны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Хууль зүйн яамны олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Х.Баттогтох нарыг МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүдээр томилов.

Хүний нөөцийн бодлогыг баталлаа

Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны удирдамж, зөвлөмж, МУЗН-ийн Үндэсний зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, шийдвэрийг үндэслэн МУЗН-ийн хүний нөөцийн бодлогыг шинэчлэн баталсан юм. Хүний нөөцийн энэхүү бодлогод нийцүүлэн ЕНБДГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн сайжруулан ажиллах юм. Мөн Дунд шатны хороод Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, МУЗН-ийн удирдах ба гүйцэтгэх албан тушаалтны Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн  дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээж байна.

Хүний нөөцийн бодлогын  зорилго нь үндэсний нийгэмлэгийн ажилтны сонгон шалгаруулах, сурган дадлагажуулах, чадавхийг нь дээшлүүлэх, ажилтны хөгжлийг дэмжих, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, үр дүнг тооцох асуудлыг зохицуулахад оршиж байна.

Хүүхэд залуучуудын бодлогыг баталлаа

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн Холбооны удирдамж, МУЗН-ийн Үндэсний Зөвлөлдөх Уулзалтын зөвлөмж шийдвэрийг үндэслэн “МУЗН-ийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөний бодлого”-ыг батлав.

Энэхүү бодлогын агуулга  нь хүмүүнлэгийн үнэт зүйлийг,  МУЗН-ийн  ажил үйлсийг залгамжлах хүүхэд залуучууд нь өнөөгийн болон ирээдүйн нийгэмд эерэг өөрчлөлт, хөгжил дэвшлийг авчрахад чиглэж байна.  Мөн Улаан загалмайн хөдөлгөөний үнэт зүйл, шилдэг арга туршлагад тулгуурлан хүүхэд залуучуудад хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлж, хүмүүнлэгийн үйлсэд тэдний оролцоог дэмжин хөгжүүлэх зорилготой юм.

Багахангай дүүрэгт Дунд шатны хороо байгуулна

Нийслэлийн  Багахангай дүүргийн Дунд шатны хороо ажиллаж байсан авч, үйл ажиллагаа нь үндсэндээ зогсоод байсан юм.  МУЗН нь  Монгол Улсын бүх  эмзэг бүлгийн иргэдэд хүрч  ажиллах зорилготой.  Тиймээс  нийслэлийн Багахангай дүүрэгт Дунд шатны хороогоо дахин байгууллаа. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр Дунд шатны хороо байгуулах үйл ажиллагаа явагдаж байна.

МУЗН-ийн тамга,  тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах, зарцуулалтад  хяналт тавих журам батлагдлаа

Журмаар тамга тэмдэг, хэвлэмэл хуудасний төрөл, түүнийг хадгалах, хийлгэх, хэрэглэх асуудлыг зохицуулсан байна.