Брэнд номтой боллоо

Нийтэлсэн өдөр: 2014.11.28, баасан

Брэнд ном гэдэг аливаа байгууллагын дүр төрхийн нэгдлийн илэрхийлэл юм. Орчин үеийн мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж байж бусдаас ялгарч, давуу талаараа нийтэд танигддаг болсон. Төр, олон нийт, бизнес гээд бүхий л салбарын байгууллагууд өөрийн гэсэн брэнд номын дагуу хэвлэн нийтлэх зэрэг бусад үйл ажиллагаагаа түгээж байна.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гишүүн байгууллага МУЗН нь өөрийн гэсэн брэнд номыг бүтээлээ. Энэ бол хүмүүнлэг үйлсийг  бүх нийтийн үйл хэрэг болгож, хүн хүнээ гэсэн энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх МУЗН-ийн зорилгыг биелүүлэхэд ач холбогдолтой юм.

МУЗН-ийн Дүрмийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “МУЗН нь өөрийн ажилтан, гишүүд, сайн дурынхан “Улаан загалмай” таних тэмдгийг хэрэглэх журмыг боловсруулж мөрдөнө” гэж  заасан юм.  Энэхүү заалтын дагуу брэнд ном  МУЗН-ийн үйл ажиллагаа, зорилго, чиглэлд нийцсэн байна.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг, Холбооны гишүүн байгууллагын хувьд эмблем, лого, таних тэмдгээ зөв хэрэглэх үүрэгтэй юм.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн бүх шатны байгууллага, гишүүд, сайн дурынхан, ажилтнууд, Хүүхэд залуучуудын Улаан загалмай хөдөлгөөний гишүүд, дэмжигчид энэхүү брэнд номыг талархан дэмжинэ гэдэгт итгэж байна.

МУЗН-ийн үйл ажиллагаа өргөжин тэлэх тутам брэнд ном улам баяжигдан сайжрах учиртай. 

Хүмүүнлэгийн төлөө хамтдаа