С.Мөнхөө: Улаан загалмайд тухайн үеийн төр засгаас ихээхэн ач холбогдол өгч байсан

Нийтэлсэн өдөр: 2014.11.24, даваа

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн 75 жилийн ойг тохиолдуулан тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, “Гал голомт” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Мөнхөө гуайтай ярилцлаа.

-Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн 75 жилийн ойн мэндийг танд хүргэе. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож, МУЗН-ийг удирдаж явсан тэр цагийн түүхийг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн дурсахгүй юү?

-Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажилласан он жилүүдээ зүрхэндээ хамгийн ойр санан дурсаж явдаг. Энэ байгууллага бол дэлхийн хамгийн анхны олон улсын том байгууллага. Хоёрдугаарт, хүн хүнээ гэсэн хайрлах, энэрэнгүй сэтгэлийн маш том илэрхийлэл нь Улаан загалмай. Арьсны өнгө, шашин шүтлэг, үзэл бодлоос үл хамаарч хүнд тусалдаг энэрэнгүй байгууллага. Би 1977-1982 онд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн дарга гэдэг албан тушаалыг хашиж байсан. Тус байгууллагын анхны бөгөөд сүүлчийнх нь бие даасан дарга. Тухайн үеийн төр засгийг удирдаж байсан улс төрийн хүчин Улаан загалмайн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг байсан.

Дэлхий ертөнц хоёр системд хуваагдсан амаргүй хүнд хэцүү үе байлаа.  Ийм үед Улаан загалмай аль ч системтэй нь харилцаж чаддаг тийм нөлөө бүхий олон улсын байгууллага байсан. Тиймээс Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулаад Япон болон бусад гуравдагч орнуудтай харьцах, тэднээс дэмжлэг туслалцаа авах янз бүрийн үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Үүнийг төр олж хараад нийгэмлэгт ихээхэн ач холбогдол өгч, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг тусгай газрын статустай байхаар намын тогтоол гарч, тусгай үүрэгтэй ажилласан гэж хэлж болно. Үүнээс өмнө Эрүүл мэндийн яамны нэгдүгээр орлогч сайд асан Түмэндэлгэр гуай  олон жил энэ байгууллагыг толгойлж байсан түүхтэй.

 

-Таны ажиллаж байх үеийн Улаан загалмайн  нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд олон нийтэд хандсан ямар томоохон ажил хийгддэг байсан бэ?

-Улаан загалмайг таван жил толгойлж байхад тэр үед бахархан хэлэх хэд хэдэн томоохон үйл явдал болж байлаа. Түүнийг өнөөдөр эргээд дурсахад таатай байна. Эхнийх нь Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 40 жилийн зургаадугаар их хурлыг бэлтгэж явуулах тийм хариуцлагатай ажил хүлээж байлаа. Хоёрдугаарт, олон улсын ялангуяа социалист орнуудын Улаан загалмайн нийгэмлэгүүдтэй хамтран ажиллахад үйл ажиллагаанд томоохон ахиц гарсан.

Тухайлбал, Герман, Унгар, Чехийн Улаан загалмайн дарга нар манай улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны баримт бичигт хоёрт тал гарын үсэг зурж байсан. Хамтын ажиллагааны хүрээнд манайд тусламж дэмжлэг харамгүй ирдэг байлаа. Германы Улаан загалмайгаас бүр хоёр автомашин хүртэл бэлэглэж байсан. Энэ нь хоорондын хамтын ажиллагаа хөгжиж басхүү бэхжиж байсны илрэл.

 

-Та бүхэн ямар томоохон ажил хэрэгжүүлж байсан бэ. Тэр талаар манай уншигчдад сонирхуулж хэлбэл илүү их мэдээлэл болно гэж итгэж байна?

-Бидний хэрэгжүүлж байсан ажлуудын нэг гэвэл ариун цэврийн нөхөрлөл, эрүүлийн  хөдөлгөөнийг маш амжилттай өрнүүлж байсан. Угаасаа төрийн өмнө хүлээсэн манай үүрэг энэ байлаа. Хүн амыг эмнэлэгийн анхны тусламжийн мэдлэгтэй болгох асуудлыг Улаан загалмайн нийгэмлэг хариуцаж байсан. Мөн Монголын ариун цэврийн нөхөрлөлийн улсын анхдугаар уралдаан гэдгийг орон нутгийн бүсүүдэд зохион байгуулж, дараа нь төвд хийж байсан. Үүнд Завхан аймгийн Ариун цэврийн нөхөрлөл Улсын аварга нөхөрлөл болж  байсан бахдам түүхтэй.  Түүнчлэн социалист орнуудын ариун цэврийн эргүүлийн хүүхдийн уралдааныг Монголдоо зохион байгуулж байсан. Ер нь ингээд яриад байвал  дурсаад ярих маш олон зүйл байна. Дээр нь донорын хөдөлгөөн өрнүүлж, түүнийгээ дэлгэрүүлэхэд бидний зүгээс идэвхтэй ажиллаж байсан. Улсын хэмжээнд “Авлагагүй донор”-ын хөдөлгөөн эрчимтэй өрнүүлсэн. Энэхүү хөдөлгөөнд армийн бүх ангийн цэрэг эрчүүд хамрагдаж байсан. Анх удаа донор иргэдэд олгох алт, мөнгө, хүрэл медалийг бий болгож, олгож байлаа. Энэ нь хүн ардаа хайрлах, нүүдэлчний хүн хүнээ түшиж амьдрах соёлыг хойч үедээ өвлүүлэх нь  Улаан загалмайн хөдөлгөөний өөрийнх нь эрхэм үнэт зүйл гэдгийг тэмдэглэж хэлье.

 

-Та бүхэн Улаан загалмайн анхны сэтгүүлийг гаргаж байсан гэдэг. Танд анхны дугаар нь байгаа юу?

-Бидний анхаарал хандуулж, хөөцөлдөж байсан олон ажил бий. Түүний нэг нь сэтгүүл байсан. Ингээд “Жаргалан” нэртэй анхны сэтгүүл гаргасан. Нийгэмлэгийн дэргэд залуучуудын хөгжмийн “Жаргалан” гээд хамтлагтай болсон. Жаргалан хамтлагийн хувьд Улаан загалмайн үйл ажиллагаанд түлхүү оролцдог. Хамтлаг иргэдэд хүмүүлэнгийн үйлсийг ойлгуулах, хүмүүнлэг үзэл санааг төлөвшүүлэхэд онцгой үүрэг тухайн үед гүйцэтгэж байсан. Сэтгүүлийн анхны дугаар байгаа. Бидний анхаарч байсан нэг ажил нь эрүүл мэндэд туслах идэвхтнүүдийн хөдөлгөөн байсан.  Тус хөдөлгөөн нь хүүхэд болон өндөр настанг асрахад тусалдаг идэвхтэн гээд хоорондоо ялгаатай байлаа. Сургалтын хөтөлбөр нь  хүртэл гарч байсан.

 

-Монгол Улсын хөгжилд оруулсан МУЗН-ийн хувь нэмэр юу вэ?

-Монголын хөгжилд оруулсан Улаан загалмайн үүрэг гээд олон зүйл хэлж болно. 1939 онд анх Улаан загалмайг байгуулагдсан. Тэр үед ямар хүнд хэцүү байсныг бүгд мэдэх болохоор ярьсангүй. Улаан загалмайн төлөөлөл болж дайны үйл ажиллагаанд сувилагчид оролцож байсан. Тэд шархагдсан цэргүүдэд тусалж, алтан амийг нь аварч байсан. Дайны фронтод Улаан загалмай хүрч ажилласан. Эндээс л нийгэмлэгийн үйл ажиллагаа эхэлсэн. Монгол Улсын түүхийн сонин ээдрээтэй үеүүдэд МУЗН  маш их хувь нэмэр оруулж байсан нь тэндээс харагдах болно.  

Бусад олон улсын байгууллагатай эрүүлийг хамгаалах, анхны тусламжийн чиглэлээр хамтран ажиллагааг эхлүүлэхэд Улаан загалмайн оруулсан хувь нэмэр  маш их. Олон Улсын Улаан загалмайн холбоонд элсэж, тус байгууллагын гишүүн байгууллагын хувьд илүү сайн ажиллах. Ингэснээр хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх нь чухал байсан.  Үүнд Улаан загалмай тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэнг тэмдэглэн хэлье.  Монгол Улс сайн дурын үйл хэрэгт нэгдэн орох болсон нь хүний төлөвшилд оруулсан хувь нэмэр гэж хэлж болно. Мэдээж байгалийн гамшиг тохиолдох үед бол тусламж үзүүлэх, гэр орон, хоол хүнсээр туслах ажлыг зохион байгуулж ирсэн. Мөн бусад оронд ч халуун сэтгэлийн гараа сунгаж байлаа.

 

-Та хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монголд энэрэнгүй үйлсийн хөдөлгөөн, Монголын Улаан загалмайн нийгэмлэг үүсч байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэндийг Монголын бүх ард иргэдэд хүргье. Нүүдэлчний соёлын хүн хүнээ түшиж амьдардаг энэ үнэт зүйлийг олон улсын хэмжээнд явуулж буй хөдөлгөөнд бүгдээрээ оролцож,  хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж, аз жаргал  сайн сайхан, юу хүссэн есөн цагаан хүсэл нь бүтэж байхын билэгтэй ерөөлийг дэвшүүлье.

Сэтгүүлч - Б.Баяртогтох 

Хүмүүнлэгийн төлөө хамтдаа