“Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд 4500 гаруй хүнд хүрч ажиллав

Нийтэлсэн өдөр: 2022.02.24, пүрэв


НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэрэгжүүлж буй коронавируст халдвараар өвдсөн хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” төслийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх, хүүхэд, асран хамгаалагчдын сэтгэл ханамжийн судалгаа авах, сайн дурын идэвхтнүүдийн ажлын тайлантай танилцах, санал солилцох уулзалтыг Завхан, Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Хяналт, үнэлгээг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ахлах ажилтан А.Мөнхтуул, НҮБ-ын Хүүхдийн сангийн гамшгийн үеийн хүүхэд хамгаалал хариуцсан зөвлөх С.Энхтуяа нар чиглүүлэн ажилласан юм. 

Төсөл Говь-Алтай, Завхан, Төв, Сэлэнгэ аймагт хэрэгжсэн бөгөөд үйл ажиллагааны хүрээнд хүүхэд, эцэг, эхчүүдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадамж бүхий 10 сайн дурын идэвхтэнг аймагт тус бүрт сургаж, бэлтгэв. Эдгээр бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлж, ярилцах, тоглох, хүүхэдтэй уулзах, утсаар ярих, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 4500 гаруй хүнд хүрч ажилласан байна.

Мөн төслийн хүрээнд хүүхдийн цахим хэрэглээг багасгах, номонд дуртай болгох зорилгоор оюун ухааны оньсон тоглоом, эвлүүлдэг зураг, унших, буддаг ном зэргийг хүүхдүүдэд өгч, бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд гэрийн эргэлт хийхдээ уншиж өгөх, хамтдаа эвлүүлэх, эцэг эхийн оролцоог ханган ажилласан байна. Ингэснээр төсөлд хамрагдсан хүүхдийн цахим хэрэглээ багасч, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг, хүүхдээ ойлгодог болсон, сайн дурын идэвхтнүүдийн чадавхи сайжирсан байна.