Мэндчилгээ

Нийтэлсэн өдөр: 2014.10.10, баасан

 

Эрхэм хүндэт хүмүүнлэгийн үйлст хүчин зүтгэдэг, дэмждэг, сайн санаат уншигчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

     Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний шударга, энэрэнгүй, төвийг сахих, бие даасан, сайн дурын, нэгдмэл, түгээмэл зарчмаа удирдлага болгож, Монгол төрийнхөө хүмүүнлэгийн бодлого үйл ажиллагааг дэмжиж, төрдөө туслах үүрэг хүлээн ажилладаг МУЗН-ийн Үндэсний чуулганыг тохиолдуулан гаргаж буй  энэхүү сэтгүүлийн хуудсаар дамжуулан Та бүхэндээ мэндчилж байгаадаа талархалтай байна.

     Одоогоос 140 гаруй жилийн тэртээ дайны талбарт шархдаж, амь нас эрүүл мэнд нь аюулд учирсан ч эмнэлгийн тусламж авч чадахгүй, үхэл амьдралын зааг дээр аврал, энэрэл, тусламж хүлээн байсан олон мянган дайчдад Швейцарийн сайн санаат залуу Анри Дюнан орон нутгийн ард иргэд буюу Сайн дурынханы оролцоотойгоор анхны тусламж үзүүлж эхэлсэн цагаас Улаан загалмай хөдөлгөөн үүссэн түүхтэй.

     Монгол орны хувьд Дэлхийн II дайны эхний нөхцөл олон оронд  үүссэн тэр үед Халх голын тулалдаан эхэлж, Улсын Бага хурлын Тэргүүлэгчид "Монголын хэрээсийн эвлэл" байгуулах тухай шийдвэр гаргасан бөгөөд улмаар 1939 онд МУЗН-ийг байгуулсан байна.

     Монголын Улаан загалмайн сайн дурынхан Халх голын дайнд шархадсан цэргүүдэд цусаа бэлэглэх, асран сувилах зэргээр хүмүүнлэгийн үйлсийг санаачилж,  анхны тусламж үзүүлж байжээ.

     Өнөөдөр МУЗН нь 97187 гишүүд дэмжигчид, 8960 гаруй  мэргэшсэн сайн дурынхан, 703 анхан шатны хороо, 32 дунд шатны хороод, 54406 өсвөрийн Улаан загалмайчид,17025 Залуучуудын Улаан загалмайчид,  4201  Онцгой гишүүд, хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага, 1084 хүндэт донор, 151 Нигүүлсэнгүй үйлстэн, 314 нигүүлсэнгүй үйлст манлай малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болон өргөжиж байна.

     Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний  дүрэмд “Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүй, Женевийн конвенцид улс орнуудын  Засгийн газар нэгдэн орсноор тухайн улсад цорын ганц Үндэсний Улаан Загалмай Нийгэмлэг байгуулагдан Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Энэ нь нэгдэн орсон улс орнууд дэлхий дахины хүмүүнлэгийн хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болж, Үндэсний нийгэмлэгүүд нь нэгэн ижил хууль, дүрэм, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн 7 зарчимд тулгуурлан ажиллахыг тодорхойлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 1959 оны 9-р сарын 15-ны өдөр Олон улсын Хүмүүнлэгийн хуульд нэгдэн орж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны 84 дэх гишүүн орон болсон билээ. Өнөөдөр Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Хөдөлгөөний  бүрэлдэхүүнд дэлхийн  189 орон нэгдэн орж, хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажиллаж байна.

 

Монгол Улсын Их Хурал 2000 оны 4 дүгээр сард баталсан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Улаан загалмай нийгэмлэгийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах цорын ганц үндэсний нийгэмлэг мөн болохыг баталгаажуулсан билээ.

 

Манай нийгэмлэг нь төр, захиргааны байгууллагатай харилцахдаа бие даасан байдлаа хадгалж, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болон ажиллаж ирлээ.

 

Үндэсний нийгэмлэгийг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллаж, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, бүс нутгийг хамарсан халдварт өвчин зэрэг томоохон сорилтыг даван туулахад байнга тусалж, дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтран ажилладаг Олон Улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид болон бусад байгууллага, хүмүүст гүн талархал илэрхийлж байна.

 

    Нийгмийн эмзэг бүлгийн амьдралыг сайжруулах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэл хохирлыг бууруулах, хүмүүнлэгийн ажил, үйлчилгээний хүртээмжийг оновчтой болгох, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сурталчлан таниулах, эрүүл аюулгүй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх талаар МУЗН-тэй идэвхтэй хамтран ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, бусад бүх байгууллага, хүмүүст  мөн талархал дэвшүүлье.

МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд