МУЗН-ийн дунд шатны хороодын дарга нарын уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

МУЗН хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Үндэсний чуулганаа хийх гэж байна.

Энэхүү чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын уулзалт болсон юм. МУЗН-ийн 21 аймаг, есөн дүүрэг дэх хороод болон Улаанбаатар төмөр замын газар, Онцгой байдлын Ерөнхий газар болон Хил хамгаалах Ерөнхий газрын хороодын дарга нар хүрэлцэн ирсэн байлаа.

       Энэ сард болох чуулганаар МУЗН-ийн дүрмийн шинэчлэл хийж, “Стратеги-2020”  баримт бичгүүдийг хэлэлцэж батлах юм. Тиймээс МУЗН-ийн үйл ажиллагаанд шинэчлэлийн нэгэн давалгааг авчрах эдгээр баримт бичгүүдэд үзэл бодлоо уралдуулан хэлэлцэх эрх, үүрэг дунд шатны хороодын дарга нарт бий.

       МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд баримт бичгүүдийг боловсруулах үйл явц ямархуу төвшинд  байгаа талаар танилцууллаа.

Өнөөдөр Улаан загалмайн үйл ажиллагааны талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн тулд  хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах ажил нэн шаардлагатай байгаа юм.

       Дунд шатны хорооны дарга нар стратеги, дүрмээ өртөөчилсөн хэсэг болон хэлэлцлээ. Стратеги, дүрэм, төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого зэрэг зургаан хэсэгт хуваагдаж ярилцсан юм. Анхан, дунд шатны хороодоо бэхжүүлэх, гишүүнчлэлийг  нэмэгдүүлэх сайн дурын идэвхтнүүдээр хүрээгээ тэлэх, удирдлага бүтцийн тогтолцоог сайжруулах, хариуцлагатай байх зэрэг олон асуудал дүрмийн шинэчлэлд тусгалаа олсон байна.

       Дүрмийн шинэчлэлийн төсөлд дунд шатны хороодын дарга нарын хэлсэн саналыг дүрэм боловсруулах ажлын хэсэгт тусган авч байлаа. Дүрмийн төсөлд анхан шатны хороодын удирдлагыг орон тооны болгохоор заалт оруулсан. Гэвч дунд шатны хорооны үйл ажиллагаа жигд бус байгаа. Тиймээс нэн тэргүүнд дунд шатаа бэхжүүлэхийн чухлыг хорооны дарга нар хэлж байв.

       Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны дарга Ганболд анхан шатны нарийн бичгийн дарга нарыг ажлын үр дүнгээр нь урамшуулах нь зүйтэй.

       Анхан шатны хорооны дарга нараас гадна олон жил иргэний нийгмийн байгууллагад ажилласан туршлагатай хүмүүс орон нутагт олон бий. Тэдний хүчийг дайчилж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулан урамшуулж байвал үр дүнтэй гэв. Дүрэмд  Үндэсний чуулган, Удирдах зөвлөл гэсэн бүтэцтэй А хувилбар байна. Б хувилбар нь Үндэсний чуулган, Үндэсний зөвлөл, Удирдах зөвлөл гэсэн шат дараалалтай. Манайх 1997 оноос 17 жил  Б хувилбараар явж ирсэн. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгүүд  А хувилбараар ажиллаж байна. Тиймээс манайх олон шат дамжлагагүй, төлөөллийн ардчиллыг хангасан байдлаар явуулахын тулд А хувилбараар хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг төслийн саналыг хорооны дарга нар дэмжиж байв. Бие даасан, хараат бус нэгдмэл байдлаа хангах улмаар  нийгэм, эдийн засгийн байдалд А хувилбар тохирох талаар  хэлэлцлээ.  Энэхүү дүрмийг Удирдах зөвлөлөөр  гурван удаа хэлэлцжээ.

       А хувилбараар бол Үндэсний чуулган  хоёр жил тутам хуралдана. Удирдах зөвлөл сар бүр хуралдах юм байна. Дүрмийн төсөлд  Дүрмийн хороо байгуулах заалт шинээр орж иржээ.  Энэ хороо чуулганаас томилогдоод Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлөө ч хянах үүрэгтэй аж. Мөн  Санхүүгийн хороог Удирдах зөвлөлөөс сонгогдохоор заажээ. Харин УЗ-ийн нэг гишүүн нь Санхүүгийн хороогоо толгойлох юм байна.  Дараагийн асуудал босоо тогтолцоотой байх. Удирдлага гүйцэтгэлийн зааг ялгааг гаргахад энэ тогтолцоог давуу гэж үзэж байлаа. Мөн  Ерөнхий нарийн бичгийн дарга дунд шатны хорооны дарга нарыг шууд томилох эрхтэй байх бөгөөд ингэснээрээ мэргэшсэн багийг бүрдүүлэх  боломж илүү юм.

       Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа  дунд шатны хорооны дарга нартай 2013 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр уулзсан байна. Дунд шатны хорооны дарга нарын тавьсан саналуудыг шийдэхийн тулд   тодорхой төлөвлөгөө гаргасан гээд “ Эдгээрийг шийдэхийн тулд нэгдүгээрт, эрх зүйн хүрээнд, хоёрдугаарт, дүрмийн хүрээнд, гуравдугаарт,  стратеги, дөрөвдүгээрт, зохион байгуулалтын хүрээнд, тавдугаарт, гадны дэмжлэг гэсэн хүрээнд асуудлыг шийднэ” гэж хэллээ.

Олон улсын Улаан загалмайн хороо, холбооноос ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд дүрмээ боловсруулах ёстой ажээ.   Удахгүй дүрмээ англи хэл дээр хөрвүүлэн холбоо, хороодод танилцуулах юм.