Анхны тусламж-Амь нас

2026-09-12

Дэлхийн Анхны тусламжийн өдрийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай.

🚑 Энэ жилийн дэлхийн анхны тусламжийн өдөр маргааш буюу 09 дүгээр сарын 12-ны өдөр тохиож байна. Энэ жилийг “Шилжилт хөдөлгөөний нөхцөл дэх анхны тусламж” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр дүрвэгсэд, цагаачид болон шилжилт хөдөлгөөнд явж буй хүмүүсийн зам зуур тулгардаг эрүүл мэндийн болон сэтгэл зүйн хүндрэл, эрсдэлийн үед анхны тусламжийг хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалтгүйгээр үзүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон нийтэд болон аж ахуйн нэгжид төлбөртэй Анхны тусламжийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Анхны тусламжийн сургалтыг Танилцуулах сургалт, Суурь сургалт, Үндсэн сургалт гэсэн 3 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг.

Осол, гамшиг тохиолдсон үед гэмтэж бэртсэн иргэдийн 90 хувийг аврах ажиллагааг гэр бүлийн гишүүд болон эргэн тойрны хүмүүс туслах боломжтой гэсэн судалгаа бий. Монголын улаан загалмай нийгэмлэг анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг иргэн бүрт олгох үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.