2026-06-16
Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшиг, онцгой байдлын үед хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиг үүргийн хүрээнд ажилтан, сайн дурын идэвхтнүүдийн хамгаалал, жендэр, оролцоо, хүүхэд хамгаалал болон бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Иймд гамшиг, онцгой байдлын бодит нөхцөлд хамгааллын эрсдэлийг таних, зохих хариу арга хэмжээ авах, аюулгүй, хүртээмжтэйгээр тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор "Гамшиг, онцгой байдлын хариу арга хэмжээнд хамгаалал, жендэр, оролцооны зарчмыг практикт хэрэгүүлэх нь” сургалтыг Австралийн улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Сургалтад Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн газар болон Дунд шатны хорооны нийт 40 ажилтан хамрагдаж байна. Сургалт 2 өдөр үргэлжилнэ. Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, хяналт үнэлгийн баг болон Австралийн улаан загалмайн нийгэмлэгийн Жендэр, хамгаалал, оролцоо хариуцсан Ахлах зөвлөх Ulf Edqvist нар чиглүүлэн ажиллаж байна.
Сургалтын эхний өдөр оролцогчдод хамгаалал, жендэр, тэгш хамруулалт, бэлгийн мөлжлөг, дарамтаас урьдчилан сэргийлэх болон хүүхэд хамгааллын үндсэн ойлголтыг практик хэрэглээний түвшинд танилцуулж, симуляцийн дасгалын танилцуулга, дүрийн хуваарилалт, багт хуваагдан ажиллах юм. Сургалтын хоёр дахь өдөр сургалтын сургамжийг нэгтгэж үйл ажиллагаанд тусгахад чиглүүлнэ.
Оролцогчид сургалтад хамрагдсанаар Гамшиг, онцгой байдлын үед хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад эмзэг бүлэгт тулгарч болох хамгааллын эрсдэл, оролцооны саадыг таньж илрүүлэх чадвар нэмэгдэнэ, тусламж үйлчилгээний үнэлгээ, төлөвлөлт, түгээлт, мэдээлэл харилцаа, Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, дарамт үүсэж болзошгүй эрсдэлт нөхцөлийг таних, мэргэжлийн ёс зүй, зохистой хил хязгаарыг баримтлах ойлголт, дадлага сайжрах юм. Мөн хүүхэд хамгааллын асуудал илэрсэн үед хохирогч төвтэй, аюулгүй, нууцлалыг хангасан анхны хариу арга хэмжээ авах, мэдээллэх, холбон зуучлах аргачлалыг хэрэгжүүлэх чадвартай болно.
Сургалтын үеэр Монгол Улсад Суугаа зарим эмэгтэй Элчин сайд нар хүрэлцэн ирж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж байна.







2026-06-16