Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ

2026-06-10

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр Удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.

Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгч нар оролцлоо.

Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүн танхимаар, цахимаар сумдын нийт 500 гаруй албан хаагч хамрагдаж байна.

Танхимын сургалтаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн бодлого, төлөвлөлт, Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гамшгаас хамгаалах эрх зүй, орон нутгийн удирдлагын чиг үүрэг, салбар хоорондын хамтын ажиллагаа, газар хөдлөлтийн бэлэн байдал, цаашдын авах арга хэмжээ, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, мал, амьтны гоц халдварт өвчин, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалт, анхны тусламж, эрсдэлийн үнэлгээ, зарлан мэдээлэл, шуурхай штабын зохион байгуулалт, олон нийттэй харилцах арга зүй зэрэг сэдвийн хүрээнд ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хөндлөнгийн үнэлгээ судалгааг хийж байгаа нь сургалтын нэг онцлог болж байна.