Малчдад зориулсан хүмүүнлэг тусламж үргэлжилж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төсөл хэрэгжүүлэн гамшгийн эрсдэлтэй байгаа аймаг, сумдын малчин өрхүүдэд чанартай өвс түгээх тусламж хүргэж байгаа билээ. Төсөлд хамрагдаж буй малчин өрхүүдийг “Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар”-аас гаргасан зудын эрсдэлийн судалгааны тоо баримтыг үндэслэн сонгосон байна.

Тусламжийн 2-р ээлжийн цуваа өнөөдөр Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд Төв аймгийн Заамар, Өндөрширээт, Дэлгэрхангай, Бүрэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Баянгол сумдын малчин өрхүүдэд өвс хүргэхээр буцаад аян замд гарлаа.  

Хүмүүнлэг тусламжийн 1-р ээлжийн цуваа 12 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотоос гарч, Төв аймгийн Цээл, Эрдэнэсант, Борнуур, Баянхангай, Өвөрхангай аймгийн Хархорин, Хайрхандулаан сумдын малчин өрхүүдэд өвсийг хүргэж өгсөн.

Тусламжийн өвсийг байгалийн болон таримал ургамлын 2017 оны ургацаас шим тэжээл сайтай үед нь Дорнод аймгийн сумдаас хадаж, бэлтгэн хатаасан бөгөөд эхний ээлжинд 15.000 боодлыг малчдад хүргэж байгаа юм.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс жил бүр малчдад зориулсан хүмүүнлэг тусламжийн төсөл хэрэгжүүлдэг. Гэхдээ энэ жилийн тусламжийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх байдлаар, үүсч болох хүндрэл бэрхшээлд бэлтгэлтэй байхад зориулан ийнхүү эрт хүргэж буйгаараа онцлогтой.