Төр-Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хурал болов

Нийтэлсэн өдөр: 2017.12.08, баасан

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөлийн хурлыг МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин нээн үг хэлж, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн зорилго, чиг үүрэг, бүрэлдэхүүн, ажиллах журмыг танилцуулав. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгийн эрсдэлийг бууруулах  тухай 2017 оны ажлын гүйцэтгэл, 2018 оны ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян, БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржцэнгэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, МУЗН-ийн санхүүгийн хорооны дарга Б.Отгонцэцэг, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга Т.Баярчимэг, МУЗН-ийн Удирдлага, Зохицуулалтын газрын дарга Э.Энхтайван, Хөтөлбөр-Хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал тэргүүтэй зөвлөлийн гишүүд оролцлоо.

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн хэлэхдээ: “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа илүү идэвхижсэн жил байлаа. Гамшгийн менежмент, нийгмийн эрүүл мэнд, халамж, хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэсэн үндсэн хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жилийн ажлын үр дүнгээс үндэслэн, малчдад хүргэх тусламжийг цас зуданд өртсөний дараа нь бус урьдчилан сэргийлэх, бэлтгэлтэй байх үүднээс эрт хүргэж байх нь зүйтэй юм гэж дүгнэсэн. Тиймээс бид энэ жил “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд хамрагдсан Төв, Өвөрхангай аймгуудын малчин өрхүүдэд тараах тусламжийн өвсийг ирэх нэг өдөр явуулахаар бэлтгэлээ” гэдгийг онцолсон.

МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин байгалийн гамшиг, болзошгүй эрсдэл үүсэх нөхцөлд хүмүүнлэгийн тусламжийг дараа нь биш өмнө нь үзүүлж, урьдчилан бэлтгэлтэй байх нь зүйтэй гэсэн Н.Болормаа даргын санааг сайшаан, дэмжиж буйгаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа бүх талаар амжилттай явагдсаныг онцлон ирэх онд илүү өргөн хүрээнд томоохон төсөл арга хэмжээнд хэрэгжүүлэх ажлын чиг үүргийг салбар бүрийн яамдын төлөөлөгчдөд үүрэг болголоо.   

Төр-Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хурал нь жилд 2 удаа зохион байгуулагддаг бөгөөд хийгдсэн ажлуудын тайлан дүгнэлтийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тодотгодог.