ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД АЖИЛЛАХ 320 САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БЭЛТГЭГДЭВ.

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

      2016 оны 01-р сарын 17-нд шинэчлэгдэн батлагдсан Mонголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах хуулинд заагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулсан юм. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах чадавхи бүхий  Гамшиг, онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтнийг бэлтгэх сургалт 10-р сарын 16-наас 11-р сарын 23 хүртэл Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын төвд ваакуумжуулсан орчинд зохион байгуулагдав. Сургалтыг 7 бүсэд хуваан, Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 45 сайн дурын идэвхтний сургалтаар эхэлж 11-р сарын 23-нд Зүүн бүсийн сургалтаар дуусч Гамшиг, онцгой байдлын үед ажиллах анхан шатны мэдлэг, мэдээлэл бүхий  21 аймгийн 320 сайн дурын идэвхтнийг бэлтгэв.

 

Сургалтын эхний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын сургалт, сурталчилгааны албаны мэргэжилтнүүд Гамшгийн тухай ойлголт, ангилал, төрөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, Гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээлэл, нүүлгэн шилжүүлэлт, Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам зэрэг хичээлүүд, 2,3  дахь өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн сургагч багш нар анхны тусламжийн болон гамшгийн үеийн нийгэм сэтгэл зүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хичээлүүд оров. Эдгээр сайн дурын идэвхтнүүд 2 байгууллагын нөөцийн системд бүртгэгдэж, цаашид орон нутагт ээлж дараатай сургалт, дадлага ажилд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм. Мөн сайн дурын идэвхтнүүдийг ажиллах нөхцөлийг нь хангах зорилгоор иж бүрэн гадуур  хувцас, гутал,  анхны тусламжийн иж бүрдлээр хангах юм.

 

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны албаны дарга Д.Мөнхбат нар оролцож, сургалтад оролцогчдод талархал илэрхийлж, сургалт хүсч байсан үр дүндээ хүрч, өндөр зохион байгуулалттайгаар зохион байгуулагдсаныг онцлон дурдав.